С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэв.
Тэрбээр өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.
Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол, Лаосын шинэ жарны эхлэл болгож БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлахыг урьж, халуун дотно мэндчилгээ дамжуулсныг уламжлав.
Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг нотолж, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг тэмдэглэв.
Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр логистик, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.