С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Энх-Амгалан: 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрдэггүй
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг анх удаа гаргаснаа зарлалаа. Дотоодод үйл ажиллагаа явуулдаг 61 их, дээд сургуулийг эрэмбэлэхдээ сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, төгсөгчид ажлын байранд гарсан хувь зэрэг 272 үзүүлэлтийг харгалзжээ. Энэ талаар "Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний үнэлгээний байгууллагатай хамтран хоёр жил тутам их сургуулийн эрэмбийг танилцуулна. Үндсэн үнэлгээг ирэх хавар зарлана. Өнөөдөр зарлаж байгаа үнэлгээ урьдчилсан үнэлгээ. Монгол Улс 100 орчим их, дээд сургуультай байсан. Үүнээс 27-гийнх нь үйл ажиллагааг зогсоосон. Багш, лаборатори, сургалтын орчингүй сургуулиуд байсан. Өнөөдрийн байдлаар 1286 хөтөлбөрийг цуцалж, зогсоосон. 60-аас дээш сургалтын гүйцэтгэлийн үзүүлэлтийг хангаж байгаа 18 сургууль байна. 61 их сургуулийн 50-иас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна. Их сургууль боловсролын өндөр чанарын шаардлагыг хангах ёстой. 2025 оноос дээд сургууль гэж байхгүй, зөвхөн их сургууль, коллеж байна. Монгол Улсад идэвхтэйгээр ажил хайж буй 20,000 залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой хэрнээ ажилд орж чаддаггүй. Их сургууль төгсөж байгаа гурван хүүхдийн нэг нь ажлын байранд гардаг. Ажил олгогч нарын хүсээд байгаа ур чадварыг мэргэжлийн болон техникийн боловсрол хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Ойрын 5-8 жилд 38 мянган инженер техникийн ажилтныг бэлтгэх хэрэгцээ шаардлага бий. Сайн мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургууль цөөхан. Хүүхдүүд гадаадад сурахыг хүсэж байгаа нь боловсролын чанартай холбоотой. Монголын их, дээд сургуулийг төгссөн хүүхдийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоог бий болгохын тулд эрэмбийг зарлаж байна" гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолсон юм.
Уг эрэмбээр эхний 10 байрт:
- Монгол Улсын Их Сургууль
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- Шинжлэх Ухааны Технологийн Их Сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
- Монгол Германы Хамтарсан Геологийн Их Сургууль
- Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
- Отгонтэнгэр Их Сургууль
- Моносын Эмнэлзүйн Их Сургууль
- Соёл Урлагийн Их Сургууль зэрэг багтжээ.