С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ
Автотээврийн хэрэгслийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодох үйлдлийг гэмт хэрэг болгосноор үүсэх нөхцөл, үр дагаварын талаар Ш.Раднаасэд гишүүн онцолж, ял шийтгэлийн бодлогыг оновчтой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд дунд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг тавин хувиар хөнгөрүүлнэ” гэж өөрчлөлт оруулахаар тусгасан байгааг тодрууллаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүнээс үүдэх хууль зүйн үр дагавар их, оногдуулах ялын хувьд 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг 4 төрлийн шийтгэл оногдуулахаар байгааг хэлсэн. Мэдээж эхний удаад тухайн үйлдлийн үр дагавараас хамаарч торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг шийтгэлийг шүүх оногдуулах, давтан үйлдэх тохиолдолд хорих ял оноох байдлаар хэрэглэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарласан. Үүний сацуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл гадаад улс орнуудын визэнд орох, тодорхой төрлийн ажил эрхлэх боломжгүй болох бөгөөд товчхондоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг дор бүрнээ таслан зогсоох нь зөв шийдвэр байх болно гэдэг хариултыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, үүний зэрэгцээ бодит байдал дээр үүсэж болох нөхцөл байдлуудыг тооцож шийтгэл оногдуулах согтолтын хэмжээний талаар лавлав.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлийг гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй хэмээн үзсэн гэдгээ Б.Энхбаяр сайд хэллээ. Нийгэмд энэ төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, оногдуулах ялыг чангатгах мэдээлэл тархсаны дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үүнээс өмнөх долоо хоногтой харьцуулахад 42-47 хувь буурсан гэдэг тоон мэдээллийг тэрбээр хариултдаа дурдсан. Энэхүү чангатгасан ялын бодлого тогтвортой хэрэгжээд явахаар нийтээрээ зөв дадал хэвшилд суралцана, согтууруулах ундаа амссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох тухай бодол хүн бүрийн оюун ухаанаас арчигддаг байх ёстой гэдэг хариултыг Б.Энхбаяр сайд өгөв. Мөн тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд 2015 онд оруулсан өөрчлөлтийн төслийг санаачилах, хэлэлцэх үеийн нийгмийн сэтгэлзүй, өнөөдрийн үр дүнгийн талаар жишээ болгон дурдсан. Согтолтын хэмжээний талаарх асуултад ажлын хэсэг хариулахдаа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг “согтууруулах ундаа” хэмээн хуульчилсан, аливаа төрлийн согтууруулах ундаа нь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр нөлөөлдөг гэв. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/506, A/176 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам"-аар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх зохицуулалттай юм.
Тодорхой төрлийн гэмт хэргүүдэд оногдуулах ялын бодлогыг чангатгахыг дэмжиж байгаа ч үүний зэрэгцээ гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг онцгой анхаарах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хөндөж, тодорхой асуудлаар тодруулга хийсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Д.Цогтбаатар гишүүн даяаршсан цаг үед амьдарч буй онцлогоо тооцох шаардлагыг хэлж, Монгол Улсын олон иргэн гадаад улс оронд ажиллаж, амьдарч, суралцаж байгааг тодотгов. Бусад улс оронд гэр бүл болох насыг янз бүрээр тодорхойлсон байдаг жишээг дурдсан. Тухайн улс орондоо зөвшөөрөгдсөн харилцаа нь Монгол Улсад ирэхэд эрх зүйн ямар үр дагавар үүсгэж болохыг тооцох, Эрүүгийн хууль дахь насны зохицуулалтыг өөрчлөх нь Иргэний хууль дахь иргэний эрх зүйн бүрэн бус чадамжийн талаарх зохицуулалттай нийцэх эсэхийг тодруулж, хариулт авсан юм.
Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 72.7 хувь нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов