“УБТЗ”-ын бас нэгэн дарга асан шүүхэд дуудагдах нь

УБТЗ-ынхан барцадтай байна. Монгол, Оросын хувь нийлүүлсэн эл нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гэрт хуулийн байгууллагаас нэгжлэг хийхэд долоон тэрбум төгрөг бэлнээр олдсон нь энэ оны нэгдүгээр сарын үйл явдал. Жирийн нэгэн орлогч даргын гэрт ийм хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан УБТЗ-д авлига, албан тушаалын гэмт хэрэг угжирч, бугшсаны бодит жишээ нь болсон. Шүүхээс С.Батдөлийг гэм буруутайд тооцож 12 жилийн ял ногдуулсан нь саяхан. Тэгвэл УБТЗ-ын бас нэгэн хэлтсийн дарга асанд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, УБТЗ-ын Хууль зүйн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.Минжмааг албан тушаалаа урвуулан ашиглаж, нийгэмлэгийнхээ дүрэм, журмыг зөрчиж, их хэмжээний мөнгө гаргуулан авч хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-аас 2022 оноос шалгаж эхэлсэн юм.  

Санаж байгаа бол "Улаанбаатар төмөр зам ХНН"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас нь шалгалт оруулсан байдаг. Үүгээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажил болох 27 км төмөр замын гүйцэтгэлийг хариуцсан гэх үндэслэлээр нэр бүхий 15 хүнийг 790 сая төгрөгөөр шагнасан нь хууль зөрчсөнийг илрүүлж байв. Эдгээрийн дотор Хуулийн газрын орлогч дарга Д.Минжмаа багтаж, 50 сая төгрөгийн урамшууллыг өөртөө олгохыг зөвшөөрсөн байдаг. 

Угтаа бол “УБТЗ” нийгэмлэгийн даргын 2016 оны А-363 тоот тушаал гэж байдаг юм билээ. Эл тушаалаар “Ажлын тодорхой амжилт гаргасан, гологдол, осол, сүйрлээс урьдчилан сэргийлсэн, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан ажилтныг тухайн үед нь шагнаж, урамшуулах ба мөнгөн урамшууллын хэмжээ нь 1-3 сарын үндсэн цалинтай тэнцэхээр байна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, өөрсдөдөө урамшуулал олгохыг зөвшөөрсөн дарга нарын мөнгөн урамшуулал хүртэх хязгаар нь тухайд 3-9 сая төгрөг. Үүнийг Хуулийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж асан Д.Минжмаа ч хамгийн сайн мэдэх хүн нь байжээ. Гэвч хэсэг хугацаанд албан ёсны даргагүй явсан “УБТЗ”-ыг нэгдүгээр орлогч буюу орос мэргэжилтэн И.В. Милостных хэрэгжүүлж байх үедээ гаргасан тушаал хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих учиртай ч хүлээн зөвшөөрч өөртөө урамшуулал олгоод зогсохгүй, нийгэмлэгээс их хэмжээний мөнгө гаргуулсан нь Д.Минжмааг шүүхэд дуудах шалтгаан болсон бололтой. 

Нэр бүхий 15 албан тушаалтан өөрсдөдөө их хэмжээний урамшуулал олгосон зөрчил шуугиан тарих үед тус нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Д.Болд “Нэр бүхий хүмүүс тодорхой дүрэм журмыг зөрчиж шагнуулсан асуудал гарсан. УБТЗ-ын дарга Х.Хэрлэн уг асуудлыг хууль бус хэмээгээд буцаад төлүүлэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу манай алба уг асуудалд акт тавиад төлүүлэх ажиллагаа хийж байгаа. Зарим хүмүүс нь буцаад төлөөд эхэлсэн. Цаашдаа бүгдээр нь төлүүлнэ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл тул ямар нэгэн асуудал гаргахгүйгээр буцаад төлнө” хэмээн мэдэгдэж байсан юм.

С.Сүлд