С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Энхбаяр: Тэтгэмж авдаг 13.866 хүүхдээс 9739 нь огт авдаггүй
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулсан юм.
Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн буюу иргэний эрх зүйн харилцааг зохицуулдаг суурь хуулиудын нэг гэдгийг тэрбээр төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд тэмдэглэлээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гэр бүлийн тухай хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг нарийвчлан зохицуулаагүй байгаа гэлээ. Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байгаа гэлээ. Шүүхийн шийдвэрийн тоо баримтаас үзвэл 2020 онд 53.678, 2021 оны эхний хагаст 20.602 иргэний хэрэг шийдвэрлэснээс Гэр бүлийн тухай хуулиар 2020 онд 4732, 2021 оны эхний хагаст 2085 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт хэргийн 10 хувийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ төрлийн маргааны тоо ихсэх хандлагатай байгаа гэв. Түүнчлэн олон улсын жишгээс харахад гэр бүлийн харилцаанд шинэ төрлийн харилцаа, асуудлууд нэмэгдэж байгааг гэлээ. Иймээс Гэр бүлийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Ингэхдээ нэн тэргүүнд хүүхэд; жирэмсэн болон хөхүүл эмэгтэй; эсхүл бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх; хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан; хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримталжээ. Түүнчлэн хуулийн төсөлд эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад илүүтэй анхаарч боловсруулсан байна. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгаснаа Б.Энхбаяр сайд дурдав.
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг төсөлд тусгасан байна. 2014-2022 оны хооронд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу хамтран амьдарч байх хугацаанд 22.924 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэхүү тоо баримт нь хамтран амьдрах хэлбэр түгээмэл болсны илэрхийлэл гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцоллоо. Манай улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрхийг тодорхойлох, цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд тэжээн тэтгэх асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврыг зохицуулах зохицуулалт байдаггүй байна. Иймд хуулийн төсөлд хамтран амьдрагчийг тодорхойлж, тэдгээрийн хамтын амьдралын явцад болон хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд эдлэх эрх, хүлээх үүрэг, ийм харилцаанаас төрсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зохицуулалтыг тусгажээ.
Шүүхийн шийдвэрийн цахим сангаас 2022 онд шийдвэрлэсэн гэрэлт цуцалсан шүүхийн шийдвэрүүдээс 50 шийдвэрийг түүвэрлэн авч үзэхэд гэрэлт цуцлах болсон шалтгаанд “таарамжгүй харилцаа” 76 хувь, “архидалт” 12 хувь, “тусдаа амьдарч байгаа” 8 хувь, “гэр бүлээс гадуурх харилцаа” 2 хувь, “гэр бүлийн хүчирхийлэл” 2 хувийг тус тус эзэлж байгаа гэх тоо баримтыг тэрбээр танилцуулсан. Гэрэлт цуцлах шалтгааны дийлэнхийг гэрлэгч хоорондын таагүй харилцаа эзэлж байгааг тэмдэглэв. Төслөөр гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилсан бөгөөд үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талын эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэм хорын хохирол төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна.
Гэрлэлтийн гэрээ нь гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ноогдох эд хөрөнгийг тодорхойлох, эд хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг Иргэний хуульд нийцүүлэн байгуулах иргэний эрх зүйн гэрээ болохыг хуулийн төсөлд томьёолжээ. Нөгөө талаар Англо-Саксоны эрх зүйн бүлтэй зарим улсад гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгийн харилцааг зохицуулахаас гадна мөн амины ойролцоог зохицуулж байгаа жишиг ч байдаг байна. Энэ төрлийн гэрээг Солонгос, Япон, Орос, Герман зэрэг улс хууль тогтоомжоороо зохицуулдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Хэлэлцэж буй хуулийн төсөлд гэрлэлтийн гэрээний талаар шинэ зохицуулалтыг тусгасан бөгөөд тус гэрээгээр гэрлэгчдийн эрх ашгаа хамгаалах, гэр бүлийн харилцаанд мөн гэрэл цуцалсан тохиолдолд эд хөрөнгийн эрхээ хамгаалах боломжийг бий болгосон байна. Мөн гэрлэгчид гэрлэлтийн гэрээгээр эд хөрөнгийн эрх үүсгэх, шилжүүлэх, дуусгавар болгох, хязгаарлахаар зохицуулсан, эсхүл ийм харилцаа агуулсан бол зохих журмын дагуу хөрөнгийн бүртгэлээс хамаарч бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх зохицуулалтыг нэмж тусгасан байна. Ингэснээр гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхийг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. 2017-2021 онд Гэр бүлийн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 60,4 хувь буюу 14 мянган хэрэг гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна. Мөн 2010 онд гэрэлт цуцалсан тоог 2021 онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна. Иймд гэрэлт цуцлах үед гэрлэгчид болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нарийвчилж тусгасан гэв. Хуулийн төсөлд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагыг нарийвчилсан бөгөөд хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хариуцлагыг хамтран хүлээх зарчмыг тодорхой зохицуулжээ.
Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эд хөрөнгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах зохицуулалтыг мөн тусгасан байна. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч, асран хүмүүжүүлж байгаа гэр бүлийн харилцаа байхыг энэ хуулиар хүлээн зөвшөөрч, уг харилцааг гэрээгээр зохицуулах, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн эд хөрөнгийг зарцуулах, хамгаалах тэтгэмж, тэтгэлэг, түүнтэй адилтгах орлогын зарцуулалтад хяналт тавих зэргийг тусгасан байна. Түүнчлэн хүүхдийн эд хөрөнгийн эрхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зарцуулах эрхийн хязгаарлалтыг тусгажээ. Манай улсын хувьд тэтгүүлэгч буюу хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний хэмжээнээс тодорхой хувиар тооцсон тэтгэлгийн хэмжээг тогтоож байна. Иргэд, олон нийтийн зүгээс хүүхдийн тэтгэлгийн хэмжээ хэт бага буюу хүүхдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа, нөгөө талаас тэтгэлэг төлөгчийн орлоготой уялдахгүй байна гэсэн шүүмж гардаг байна. Зарим улс тэтгэлэг тогтоох тусгай аргачлалтай бөгөөд тэтгэлгийн хэмжээ, хүүхдийн нас, амьжиргааны өртөг, зардал зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан тэтгэлэг төлөгчийн орлого нөхцөл байдалтай уялдуулж, тэтгэлэг авагч тус бүрд өөр өөр байдлаар тогтоодог байна. Түүнчлэн хүүхдийн тэтгэлгийн харилцааг зохицуулсан гэрээ байгуулж ч болдог байна. Иймд шүүх гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эсэхээс үл хамаарч хүүхдийн тэтгэлгийн асуудлыг заавал хамтад нь шийдвэрлэхээр төсөлд тусгасан байна. Мөн гэрлэлт цуцлалт дуусгавар болсон харилцаанд хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн авах тэтгэлгийн хэмжээг өөрчилж, тэтгэлэг авагч болгон тэтгэлэг төлөгчийн нөхцөл байдалтай уялдуулж, эрх бүхий байгууллагаас батлах аргачлалын дагуу шүүх шийдвэрлэхээр шинэ зохицуулалтыг тусгасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээллээс үзэхэд хүүхдийн тэтгэлгийг шийдвэрийн 50 гаруй хувь нь огт төлдөггүй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2021 оны арван хоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэлэг авагч нийт 13.866 хүүхэд байгаагаас 9739 хүүхэд тэтгэлгээ авч чадаагүй ба тэтгэлгийн хэмжээгээр нь тооцож авч үзэх юм бол 6 тэрбум 606 сая төгрөг төлөгдөөгүй байгаа гэв.
Иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллээр 2017-2022 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 7596 хүүхэд дотоодод үрчлүүлсэн бол Монгол Улсын харьяат нийт 274 хүүхэд гадаадын иргэдэд үрчлэгдсэн байна. Шүүхийн шийдвэрийн цахим сангаас хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрүүдийг авч үзэхэд 2017 онд 97 шүүхийн шийдвэр, 2018 онд 12 шүүхийн шийдвэр, 2019 онд 11 шүүхийн шийдвэр, 2020 онд 12 шүүхийн шийдвэр, 2021 онд 9 шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд хуулийн төсөлд хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үргэлжлүүлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх шинэ зохицуулалтыг тусгажээ.