С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Жаргалбаатар: 181 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлсэн
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллага дэлхийн 180 орны авлигын төсөөллийн индексийг 0-100 оноогоор үнэдэг. 2022 онд манай улс 33 оноо авч, 116 байранд орсон гэв. Энэ жилийн төсөөллийн индекс гараагүй байна. Авлигын индексийг сайжруулахад хууль эрх зүйн орчноос илүүтэй эдийн засгийн тогтвортой хөгжил чухал гэж хариуллаа. Түүний дараа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн дагуу “D-parliament” цахим хэлэлцүүлгийн платформд байршуулсан Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал болон асуултад Засгийн газрын гишүүн болон Ажлын хэсгээс хариулт өглөө.
УИХ дахь Монгол Ардын нам болон бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ардчилсан намын бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Ганбат нар иргэдийн асуултыг багцлан танилцуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, улсад хохирол учруулсан гэмт хэрэгтний бүх хөрөнгийг хураах талаар хуулийн бодит заалт байгаа эсэх, авлигатай тэмцэх индексээр яагаад ухарсан үзүүлэлт гарсан вэ, авлигын хэрэгт холбогдсон хичээн албан тушаалтанд хариуцлага тооцсон вэ гэх зэрэг иргэдээс ирүүлсэн асуултыг уламжиллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг хураахаар хуульчилсан. Авлигын олон хэргийг сэргээн шалгаж байна. Тухайн цаг үед нь хариуцлага тооцоод явсан бол нийгмийн бухимдлыг төрүүлтэл ийм байдалд хүрэхгүй байсан. Бид улс төрд нөлөө бүхий бүх этгээдүүдэд ногдох ял шийтгэлийг өөрчилж байгаа. Цаг үе өөрчлөгдөж буй учраас аливаа зүйлийг аргалах, хаацайлах аргагүй болсон гэж хариуллаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Ч.Жаргалбаатар, 2021 онд 96,2 тэрбум, 2022 онд хоёр их наяд, 2023 онд буюу өнөөдрийн байдлаар 181 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, концессийн гэрээ, ЖДҮ-гийн 50 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүстэй ямар хариуцлага тооцсон вэ, Хөгжлийн банктай холбоотой хэргээр 0,6 их наяд төгрөг төлөгдөөгүй байгааг хэзээ барагдуулах вэ, нүүрсний хэрэгт холбоотой нөхдүүдийн хэрэг юу болсон вэ зэрэг иргэдээс ирсэн асуултыг уламжлан танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын Хяналт, шалгалтын түр хороо хуралдаж, зарим шинжээч нарыг солих санал гаргасан боловч солихгүй гэж зарим гишүүд санал тавиад байна. Нөхцөл байдлыг ил тод хэлнэ. Түр хорооны даргын хувьд намчирхалгүй адил тэгш зарчим барьж ажиллана. УИХ-ын дарга Г.Занданшатар түр хорооны ажиллах нөхцөлийг хангах үүрэг өгсөн. Хугацаанд шахагдаж хөнгөн дүгнэлт гаргамааргүй байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хөгжлийн банкны сонсголын үеэр сөрөг хүчнийг урьсан. Гэвч хэн нь ч орж ирээгүй. Олонх, цөөнхийн хамтын оролцоотой авлигын хэрэгтэй тэмцэх ёстой гэх зэргээр хариуллаа.