Амиа алдсан цэргүүдийн 44.5 хувь амиа хорлосон, золгүй тохиолдол байсан хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Зэвсэгт хүчний … дугаар ангид гарсан нөхцөл байдалтай танилцахаар Хүний эрхийн Үндэсний Комисс шуурхай ажилласан байгааг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглээд, сүүлийн 10 жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаах явцдаа амь насаа алдсан тохиолдлуудын мөрөөр хууль хяналтын байгууллагууд ямар арга хэмжээ авсан талаар тодрууллаа. 2021 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгааны үеэр 126 кейс дээр нэгбүрчлэн ажилласан бөгөөд үүний 15 нь хугацаат цэргийн алба хаах үедээ амь насаа алдсан кейс байсан гэв. Үүний 4 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Тодруулбал, 1 хэрэг хэрэгсэхгүй болж, 3 хэрэгт 4 хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн гэдэг мэдээллийг Комиссын гишүүн Б.Энхболд гишүүн өгөв. Түүнчлэн нийт 126 кейсийн 67 нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний 44.5 хувь нь амиа хорлосон, золгүй тохиолдол байсан гэх зэрэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна.

Цэргийн анги, байгууллагын нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо хангалтгүй, хугацаат цэргийн алба хаагчидтай харилцах арга барил оновчгүй, амьдрах, байрлах нөхцөл шаардлага хангахгүй байгаа талаарх дүгнэлтийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд багтаасан гэдгээ ажлын хэсгээс хэлж байв. Түүнчлэн ажлын хэсгээс монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн суурь асуудлыг судлах зорилгоор 19-25 насны 10.000 эрэгтэй хүнийг хамруулахад 60 орчим хувь нь архи, тамхины хэрэглээ, эрүүл зөв хоололтын дадалгүй, хөдөлгөөний дутагдалтай байснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудалтай байсан гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт эрэгтэйчүүд хамрагддаггүй, гэнэтийн осол, золгүй тохиолдлын 95 хувь нь эрэгтэйчүүд байдаг талаарх тоо баримтыг танилцууллаа. Батлан хамгаалах салбарын сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендэрийн ойлголтын талаарх агуулга, модуль байхгүй байгааг тэмдэглэж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын бодлогод жендэрийн асуудлууд тусгагдан, дэвшилттэй шийдвэр, үр дүн гарч байгааг мөн хэлж байв. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд үг хэлсэн. Ц.Мөнхцэцэг гишүүн зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар дотоод дүрэм журамдаа шинэчлэл хийх, дотоод хяналт шинжилгээгээ үр дүнтэй ажиллуулах, хүний эрхийг хангах, хамгаалахад бүх шатандаа анхаарах шаардлагатай бөгөөд реформ хийх нь зүйтэй гэлээ. Хугацаат цэргийн алба хаах үйл явцад хүний эрхийн зөрчил гардаггүй байх нь цаашлаад Монгол Улсын батлан хамгаалах салбарын хөгжил, төлөвшид чухал нөлөөтэй гэдгийг Ц.Сандаг-Очир гишүүн тэмдэглээд, хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэлтэй газруудад Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэх саналыг хэлж байв. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт хүний эрхийн зөрчлүүд үүсээд байгааг бид мэдсээр хэрнээ хууль тогтоомжийнхоо хүрээнд гаднаас хянах, шалгах боломжгүй байдаг гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлээд бусад орны жишгээр зохих түвшинд нээлттэй болгож, олон нийтийн хяналттай болгох чиглэлээр судлахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгов. Түүнчлэн шүүх эмнэлгийн ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж, иргэдийн гомдол, саналын мөрөөр арга хэмжээ авч ажиллахыг сануулсан юм. Засгийн газраас Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгосон гэдгийг дурдаад тус Комисс нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалттайг сануулж байв. Тус ажлын хэсэг болон холбогдох талууд аливаа шийдвэр гаргахдаа Хүний эрхийн Үндэсний Комисстой зөвлөлдөж, ажиллана гэдэгт найдаж байгаагаа Д.Цогтбаатар дарга илэрхийлсэн юм. Зэвсэгт хүчний ... дугаар ангид гарсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар холбогдох дүгнэлт, мэдээлэлтэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Хүний эрхийн Үндэсний Комисст чиглэл өгсөн. Түүнчлэн Засгийн газраас байгуулсан ажлын хэсэгтэй Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хамтран ажиллахыг чиглэл болгов.