Автобус нийлүүлэх тендерт таван компани үнийн санал ирүүллээ

НЗДТГ/202310014 тендер шалгаруулалтын дугаартай “Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерийг 2023 оны аравдугаар сарын 24-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласан. Ийнхүү тендерийн материалыг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:00 цаг хүртэл хүлээн авч, тендерийн нээлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний 09:30 цагт нээхээр заасан юм. Энэ хүрээнд өнөөдөр нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерийн материалыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны дарга Ү.Ганболд:

-Нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус худалдан авах гэрээг цуцалсантай холбогдуулан улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж, худалдан авах ажиллагааны эрхийг НЗДТГ-т шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу НЗДТГ-ын даргын шийдвэрээр Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо 2023 оны аравдугаар сарын 24-нд тендерийг зарлаж, өнөөдөр тендерийн баримт бичгийг нээж байна. Өнгөрсөн хугацаанд тендерт оролцох хүсэлтэй этгээдүүдээс ирсэн 20 тодруулгад хариу өгсөн. Тендерийн материал илгээсэн этгээдүүдийн сонгон шалгаруулалтыг өөр үнэлгээний хороо хийнэ. Дараагийн үнэлгээний хороог нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулна гэлээ.

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,

  • “Майнс ап” ХХК - 178,817,556,720 төгрөг
  • Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd - 147,686,834,611 төгрөг
  • Yutong Bus Co.,Ltd - 165,589,920,000 төгрөг
  • Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd - 156,932,775,600 төгрөг
  • China North Vehicle Corporation LTD - 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.  

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ. Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг. Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулах юм. 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг. Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна. Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ хэмээв.