С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол, Вьетнам хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой 2024 онд тохионо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улс түүх, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг тэмдэглэв. Тэрбээр, манай хоёр улс өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээр хол оршдог хэдий ч бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, хоёр улсын төрийн тэргүүн нар түүхийн шинэ хуудсыг нээсэн. Айлчлалын үеэр ярьж, тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр тал эрчимтэй ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна. Бид хүнд бэрх цаг үед Монгол, Вьетнамын ард түмэн бие биенээ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдэг. 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Парламентын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх нь ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ хүрээнд хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Түүнчлэн, соёл урлаг, хөдөө аж ахуй, уул уурхай, уламжлалт анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой гэж харж байна гэлээ.
Элчин сайд, ноён Зоан Хань Дам Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан БНСВУ, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын даргын дурдсан саналуудыг ажил хэрэг болгоход бүхий л хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв. Мөн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ Монгол Улсын Их Хурлын дарга, ноён Г.Занданшатарт хандсан найрсаг, дотно мэндчилгээг уламжилж, КОВИД-19 цар тахлын улмаас цуцлагдсан Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалыг манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах боломжтойг нотлов.
Талууд 2024 онд Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ард түмний ойр дотно нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээг хамтдаа зохион байгуулахаар санал нэгдэв.