“АН-ын Бадамжунай”

Зүүнговь сумын малын эмч. МХЗЭ-ийн төв хороонд эрдэмтэн шинжилгээний ажилтан. МоАХ-ны зохицуулагч, МоАН-ын дэд дарга. БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн. Шадар сайд. Батлан хамгаалахын сайд. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал. АН-ын дарга. Ерөнхий сайдын зөвлөх. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Улсын Ерөнхий прокурор. Хууль зүйн сайд. 

Хувь хүн болон улстөрчийн эл намтраас хэний тухай өгүүлэх гээд байгааг зарим нь шууд гадарлана. Мэдээж энэ бол Д.Дорлигжав. Ардчилсан хувьсгалын анхны 13-ын нэг гэсэн түүхэн “пайз”-тай түүнд нэг чадвар гэхээсээ онцлог бий. Ардчилсан Нам Засгийн эрхэнд гарахад эсвэл МАН-тай хамтрах болгонд Д.Дорлигжав гэсэн нэр арын фронтоос тэргүүн эгнээнд зогсдог. Тэгэхдээ үргэлж сайдын эрэмбэтэй. Хувьсгалт залуучуудын эвлэлд эрдэм шинжилгээний ажилтан явсан тэрбээр 1990-1992 онд эмхлэн байгуулсан БНМАУ-ын сүүлчийн Засгийн газар болох Д.Бямбасүрэнгийн танхимд бий болгосон гурван Шадар сайдын нэгээр тодорч байв. Дараа нь АН анх удаагаа Засгийн эрх барихад ардчиллын анхны Ерөнхий сайд М.Энхсайханы кабинетад Батлан хамгаалахын сайд болж байлаа. Одоогийнх шигээ хараахан төлөвшөөгүй, бас албан ёсоор нэгэн цул болоогүй явсан ардчилагчдын зөрчил М.Энхсайханыг огцруулж, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болсны дараа “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоох шийдвэрийг гаргаж байсан түүхтэй.

Энэ үед сайдын албанаас буусан Д.Дорлигжавыг ч “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэгийн оронд томилох шийдвэр давхар баталгаажсан байдаг юм. Тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагва, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нар ажил хүлээлцэхээр “Эрдэнэт” үйлдвэрт очсон ч хуучин удирдлагууд нь тамга, тэмдгээ аваад зугтаасан зэргээр Д.Дорлигжавын ээлжит буйр сэлгэлт дуулиантайгаар хийгдэж байв. Уг албандаа тогтвортой ажилласан ч 2000 оны сонгуульд нам нь навс ялагдсанаар ажлаа хүлээлгэж өгсөн юм. Улмаар МҮАН, МСДН тэргүүтэй таван нам нэгдэж АН-ын албан ёсоор байгуулахад анхны даргаар бас л Д.Дорлигжав торойгоод гарч ирсэн ч төд удалгүй М.Энхсайханд тамгаа шилжүүлсэн.

Эл процесс нь Д.Дорлигжавын улс төрийн карьерыг улам өргөжүүлсэн үү гэхээс бүдгэрүүлээгүй. Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болоход тэр Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар эргэн ирж байв. Харин Төрийн тэргүүн болж дэвшихэд нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, түүнээсээ шууд Улсын ерөнхий прокурорын сэнтийд суусан юм. Энэ өнцгөөс харвал түүнийг Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос дэмжлэгтэй улстөрч гэж харах нь олон. Ардчиллын анхны 13-ын нэг, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар очсон замнал, Мэргэжлийн хяналтын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхий прокурор зэрэг Ц.Элбэгдоржийг эрх мэдэлд хүрэх бүрд Д.Дорлигжав сүүдэр шиг дагаж, түүнээс хуваалцаж ирсэн нь ч үүний баталгаа. 

Гэвч Д.Дорлигжав өөрийгөө хэний ч хүн биш гэдгээ нэг бус удаа илэрхийлж явсан хүн. Тагнуулын дарга асан, хошууч генерал Б.Хурц хүртэл “Ц.Нямдорж ямар учиртай хүн бэ? гэхээр Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэл. Энэ бүлэглэл хүчтэй, хэвлэлтэй, телевизтэй, вэб сайттай бүлэглэл. Өөрсдөө “Эрдэнэт”-тэй холбоотой маш их шахаа бизнес хийдэг. “Эрдэнэт”-ийн захирлыг “Хаан жимс”-т дуудаж авчраад энэ гэрээг үргэлжлүүл гэж шахдаг. Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад 800 гаруй мянган ам.долларын асуудалд ороход Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж, тэр хэрэг замхарсан” гэж мэдэгдэж байлаа. 

Эсрэгээрээ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ц.Элбэгдорж, М.Энхболд тэргүүтэй МАНАН бүлэглэлийн хамжигч, хамсаатан нь Д.Дорлигжав гэдгийг 2016 оноос хэлж, байр сууриа илэрхийлж явсаар өнөөдрийг хүрч байна. Намтрын хувьд АН-тай салшгүй холбоотой ч нэгдмэл ашиг сонирхол нь нам харгалзахгүй нөхөрлөх нь Д.Дорлигжавын энэ хүртэл явж ирсэн гол нөлөө нь байж мэднэ. Яг л “Т.Бадамжунай жаргал, зовлонгийн менежер” гэдэгтэй агаар нэг Д.Дорлигжав АН-ыг мандах үед нь гарч ирдэг, зовоход нь далд байдалд ордгоороо Бадамжунайгийн “сэрэг дүр” юм. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд харамгүй дэмжлэг хүлээж, хууль, шүүхийн салбар дахь шинэчлэлийг нь гардан гүйцэтгэж асан Х.Тэмүүжинг Хуулийн сайдаас нь буулгах “шүд сугалах” технологи хэрэгжүүлэхэд гар бие оролцсон ч тэр нь бүтэлгүйтэх тал руугаа ороход танхимаар нь буюу Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах улс төрийн акц руу шилжихэд түүний нөлөө байсан гэдэг л юм. Тэр нь ч ёсоор болсон, Д.Дорлигжав Х.Тэмүүжингийн оронд хуулийн сайдаар очсон. Хийж, хэрэгжүүлсэн шинэчлэл бүрийг эргээд баллуурдсан автор нь гэдгийг Х.Тэмүүжин одоо ч хэлж, ярьдаг л юм.

Цаг хугацаа өөрөө үнэний дэнс, гол хэмжүүр гэгчээр Х.Тэмүүжингийн үед цухас дурдагдсанаар бусдаар хамгийн шударга түшээ гэгддэг Ц.Нямдоржийн он жилүүдэд хаалттай сэдэв явсан Д.Дорлигжавт хамаарах асуудал энэ Засгийн үед хоёр Хуулийн сайдын амнаас ээлж дарааллан гарах болов. Эхлээд “Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатарт холбогдох дөрвөн сая ам.долларын авлигын хэргийг сэргээн шалгахаар болсон” гэдгийг одоогийн хотын дарга Х.Нямбаатар Хуулийн сайдын хувиар мэдэгдэж байлаа. Санаж байгаа бол Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа дөрвөн сая ам.долларын гүйлгээний баримтыг өөрийн цахим хуудсаар дэлгэсэн нь шуугиан тарьж явсаар эцэстээ “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдтой холбогдсон түүхтэй. 

Тэгэхэд “Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй” гэдгийг Т.Ганболд хэлж байв. Харин Д.Дорлигжавын зүгээс “Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дарааллан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” хэмээн үгүйсгэж байв. Эл асуудал дахин дэгдсэн 2019 онд Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт цагдан хорьж, улмаар батлан даалтад гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг Х.Нямбаатарын сайдын хувиар сэргээн шалгаж эхэлснийг мэдэгдсэн хэрэг. 

Сонирхолтой нь, Х.Нямбаатараас Хуулийн сайдын тамга гардсан Б.Энхбаяр “Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор байхад шалгагдаж байсан бүх нүүрсний хэргүүд хэрэгсэхгүй болж хаагдсан байна лээ. Энэ бүх хэргийг сэргээн шалгаж байна” гэдгийг саяхан мэдэгдсэн нь анхаарал татах шалтаан болов. УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан “Ц.Нямдорж, Д.Дорлигжав хоёр гэж нэгнийхээ хэргийг дарж, мафижсан жинхэнэ МАНАН бүлэглэл” хэмээж явсан тэрбээр нүүрсний хулгайн Нээлттэй сонсголыг зохион байгуулах Түр хороог мөн даргалж байгаа юм.

Үндсэндээ АН Засгийн эрхэнд гарахад аль нэгэн албан тушаалд томилогдож ирснээс бусад үед далд хэлбэрт шилждэг сайд асан Д.Дорлигжав хоёр ч хэргийн асуудлаар олон нийтийн өмнө дахин ил гарах нь. Хэрэг нь шалгагдаж эхлэхэд хил даваад одсон ч таван жилийн дараа эх орондоо албадан авчруулсан "Шувуу" болох Т.Бадамжунай юу ярих нь Ардын Намынхны гол зовлон болчихоод буй шиг нэр холбогдсон гэх хоёр асуудлыг нь сэргээн шалгаж эхэлсэн Д.Дорлигжавын амнаас гарах үг, өгүүлбэр бүр нэгэн цагийн АН-ын өнгөнд явсан олон хүний эрх ашгийг хөндөх магадлал нь өндөр. Тиймээс л түүнийг "АН-ын Бадамжунай" гэж нэрийдээд байгаа юм!

Г.Эрхэс