Монголын эдийн засаг одоо л “амьсгал” авах нь!

500 сая, 1.5 тэрбум, 800 сая, 600 сая, 200 сая. Энэ бол эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, тэр хэрээрээ хөрөнгө оруулагчдыг хошууруулж явсан 2011 оноос эхэлж олон улсын зах зээлээс босгосон бондын мөнгөн дүн. Нийт 3.6 тэрбум. Төгрөг биш ам.доллароор. Бондоос гадна бусад өр төлбөрийг нэмж тооцвол одоогийн ханшаар нийт 13.3 их наяд төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлж барагдуулсан нь энэ. Бараг бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгө. Авсан бол өгдөг, зээлсэн бол төлдөг жамтай. 2021 оны дөрөвдүгээр сарын 6-нд эхний 500 сая ам.долларын өрийг барагдуулсан бол түүнээс хойших хоёр жилийн хугацаанд ээлж дарааллан хаасаар "Самурай" бондыг 200 сая ам.долларыг бүрэн хааснаар Монгол Улс гадаад өрийн дарамт, гинжин хэлхээнээс гарснаа ийнхүү зарлав. Мэдээж сайн мэдээ, бас сайн үзүүлэлт мөнөөс мөн. Үндсэндээ Монголын эдийн засаг одоо л “амьсгал” авах нь.

Ердөө хоёрхон сарын өмнө “Евро” бондын 500 сая ам.долларыг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр төлж байсан бол энэ удаад ч тэрхүү амжилтаа дахин бататгав. Ингэснээр олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчдын өмнөх бидний нэр хүнд тэртээх 2011-2012 оны түвшиндөө очих таатай мессежийг дотоод, гадаадын эдийн засагт өгөөд зогсохгүй гол баталгаа болох нь. “Moody’s”, “Fitch”, “S&P Global” тэргүүтэй агентлагууд ч Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3, B буюу тогтвортой гэж үнэлсэн нь хамгийн бодит баримт. Санаж байгаа бол улсаараа дэнчин тавьж олон улсын зах зээлээс босгосон бондыг Хөгжлийн банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлт бүхэлдээ чанаргүй ангилалд шилжсэн нь жил хүрэхгүйн өмнөх үйл явдал. Тэгэхэд эл асуудал зөвхөн Хөгжлийн банканд хамаарах биш Монгол Улсынх болтлоо томорч, ужгирсан байв.

Улстөрчид, УИХ-ын гишүүд, дарга, цэрэг гэлтгүй хөгжлийн луужин болох учиртай банкны эх үүсвэрээр дамжуулан тонож туйлсан бодит байдалтайгаа эвлэрээд цааш явсан бол улсаараа дефолтод орохоос өөр сонголт бидэнд байсангүй. Ард нь томоохон албан тушаалтан, аж ахуйн нэгжийн хамтрал бүхий эрх ашгийг ил зарлаад тэмцэх үү? эсвэл эдийн засгаа унагаах уу? гэсэн салаа замын эхэнд тулаад зогссон хэрэг. Үндсэндээ гадаадын өрийн дампуурлаа зарлаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч, өөрийн эх үүсвэр, нөөц боломжоо дайчлах хоёрхон сонголт бидний өмнө байв. 

Гэхдээ улстөрчдийн эрх ашгаас улс орных нь нэн тэргүүний асуудал болохоор Засгийн газар, Хөгжлийн банктайгаа хоршиж 2013 оноос санхүүжүүлж эхэлсэн төсөл, хөтөлбөрийн цаад эзэд, зээлдэгчдийн нэрсийг зарласан нь саяхан. Нийгмийн дэмжлэг ч өндрөө авснаар 1.8 их наядын чанаргүй зээлээс 1.6-ыг нь буцаан төвлөрүүлснээр “Евро” бондын 500 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулсан нь өнгөрсөн аравдугаар сар. 

“Ковид”-ын цар тахлын “шок”-той залгуулаад ОХУ, Украины дайнаар үргэлжилсэн олон улсын амаргүй цаг үед уул уурхайн экспортоос өөрөөр орлогын эх үүсвэргүй явсан Монгол Улсын Засгийн газар нь өөрсдөө шүгэл үлээж, хүний, өөрийн гэлтгүй намын угшилтай нөхөдтэйгөө тэмцэл өрнүүлсний үр дүнд дотоодоос 500 сая ам.доллартай тэнцэхүйц зээлийг эргэн төлүүлсэн нь маргаангүй амжилт, бас бодит үр дүн. Энэ хооронд эдийн засгийг туйлдуулдаг, иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц боломжийг хулгайлдаг гол үзүүлэлт нь авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч, нам харгалзахгүй тэмцэж байгаа нь хамгийн том үсрэлт. 

Цар тахлын оргил үед Монголын эдийн засаг -4.7 хувьд хүртлээ унасан бол 2023 оны урьдчилсан биелэлтээр 6.8 хувийн өсөлттэй гарч, ДНБ 36.7 их наядаас 63.3 болж, нэг хүнд ногдох ДНБ нь 5.220 ам.долларт хүрэв. Улсын төсөв болон төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. 2.7 тэрбумаар хэмжигдэж байсан валютын нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрэв. “Самурай” бондын 30 тэрбум иентэй тэнцэх 200 сая ам.долларыг өрийг төлсөн ч валютын нөөц зорилтод түвшиндөө хадгалагдаж байгаа гэсэн үг.

Мэдээж “Эрдэнэс Тавантолгой” хэмээх их айлд нүүрлэсэн нүүрсний хулгайтай тэмцсэний, тэнд хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит тусгал нь үүнд жин дарна. Аман дээрээ “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихөнө” гээд чуулганы нэгдсэн хуралдааны индрээс жишим ч үгүй мэдэгдэж явсан Ерөнхий сайд асны байр суурьтай зэрэгцэн ачир дээрээ фракцын, бүлэглэлийн зарчмаар хувааж, эцэст нь өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль баталж байсан хэнэггүй, хариуцлагагүй үйлдлийн горыг түрүүчээс нь ийн засч залруулав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэлэхдээ онцолсон байна лээ, “Өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм. Ийм хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ” гэж. Тэргүүлсэн Засгийн газар, түүнийхээ хүрээнд улс төрийн манлайлал үзүүлж буйгаас харахад ортой л үг, ханатай л байр суурь. Өөрөөр хэлбэл, уул уурхайн экспорт дагасан эдийн засгийн өсөлт, тэндээс орж ирж буй нэг цент нь ч бондын өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс иргэн болгон, айл өрх бүрд хүрэх суурийг тавих нь. Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Эксим банк болгон өөрчлөх эрх зүйн цогц шинэчлэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон нь ч дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн бас нэгэн сайн мэдээ юм!

Г.Эрхэс