С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Төв цэг”-ээс тунхагласан тогтолцооны шилжилт АЙСУЙ!
126, 105 сая, 14.9 тэрбум ам.доллар, 13.3 их наяд төгрөг... Энэ бол Улаанбаатарын төв цэгээс Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн мэндчилгээнд дурдагдсан баримт. Агуулга, ач холбогдлын хувьд аль, аль нь Монгол Улсын өнөөдөрт хамаарч, маргаашийг бүтээх тоон үзүүлэлт. Тоо худлаа хэлдэггүй шиг 2023 он тогтолцооны хувьд Монгол Улсад том үсрэлтийн жил байв. 1992 оноос хойш ОХУ, БНХАУ гэсэн их гүрний аль нэгэнд нь “уусчих”-гүйгээр амь бөхтэй оршиж ирсэн ардчилсан тогтолцооны түших багана, тулах цэг болсон парламентын гишүүдийн тоог 76-гаас 126 болгон нэмж, тэдгээрийг холимог системээр сонгох асуудлыг “Эцэг хууль”-даа шигтгэв. Том зургаараа биш тойрог дагаж намирдаг, улсын хөгжлийн төлөө бус амин хувийн эрх ашгаараа нэгдэж, аргацааж ирсэн уламжлалт арга барилаас татгалзаж, Монгол Улсыг бүхэлд нь бүсчилсэн байдлаар хуваарилсан нь анх удаагаа жалганы улс төрд “Баяртай” гэж хэлэх нэн шинэхэн агуулгыг давхар хуульчиллаа.
Хөгжлийн банкыг үндсэн статусаар нь гэхээсээ улстөрчид тэдгээрийн хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой компанийн дансыг тэтгэж, тэжээх хэрэглүүр болтол нь хөгжүүлсэн 12 жилийн эрх ашигт цэг тавьснаар “Чингис бонд”-ын 1.5 тэрбум, “Мазаалай” бондын 500 сая, “Гэрэгэ” бондын 800 сая, “Евро” бондын 500 сая, “Самурай” бондын 200 сая.ам долларын өрийг тус, тус бүрэн төлж барагдуулахад 13.3 их наяд төгрөгийг зарцуулав. Олон жилийн турш Төрийн ордноор бялхаж, бялууртал нь талцуулж, толхилцуулсан Оюу Толгойд Монголын талын эзэмшдэг 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, тэр хэрээрээ хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгөв.
“Эрдэнэс Тавантолгой”-г байгуулсан эцсийн зорилго нь улс орны хөгжилд бус тулга тойрсон хэдхэн бүлэглэлийн тавган дээр тавьсан бялууны зүсэм байсныг илчилж, Бүрэн эрхт төлөөлөгч томилох замаар үйл ажиллагааг нь “Шилэн” болгож, нүүрсийг биржээр арилжаж эхэлснээр анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наядын цэвэр ашигтай ажиллаж болдгийг ганцхан жилийн дотор харуулав. Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давж, төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарч, валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь үүний бодит баримт.
Ерөөс Монгол Улс байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэн 30 жилийн хугацаанд хуримтлагдаж, бэтгэрсэн системийн гажуудал, төсвийн тонолт, хулгайтай сүүлийн хоёр он дамнан тэмцэж, цэгцэлсний үр дүн нь дээрх тоон үзүүлэлт юм. Үндсэндээ авторитар дэглэмтэй хоёр их гүрний дунд хагас жарны турш тусгаар улс явж ирсний гол хөшүүрэг болсон ардчиллаа авлигаар арилжаалж ирсэн Монголын улс төрийн тогтолцооны саарал үе 2023 онтой хамт хаагдаж буйг Төв талбайгаас тунхагласан нь Ерөнхий сайдын мэндчилгээ гол, бас чухал агуулга нь байлаа. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил айлссан хуучин оны төгсөлд үе үеийн Ерөнхий сайд нарын дэвшүүлж ирсэн оргилуун дарстай мэндчилгээний ард зорилтот бүлэг рүү чиглэсэн амлалт нь жин дардаг бол энэ удаад шинэ 30 жилийнхээ хөгжлийг тодорхойлсон тогтолцооны шилжилт эхлэхийг дурдсанаараа маргаангүй түүхэнд үлдэх нь. Дахин тодотгоё тоо хэзээ ч худлаа ярьдаггүй!
Г.Эрхэс