Нийслэлийн хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бий

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Манай газраас Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошин үүссэн 33 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мөн үзлэг шалгалтыг тогтмол хийж байна. Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сэлбэ гол дагуу үүссэн халиа тошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буй. Мөн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувгуудад халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3000 шоо метр суваг татан, далан босгож, гарсан 1200 шоо метр мөсийг зөөж шилжүүлсэн. Түүнчлэн Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагуу халиа тошин үүссэн хэсгүүдэд тухайн дүүргийн онцгой байдлын алба, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан хаалт босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна.

Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийсний хүчинд суваг татаж, халиа тошин үүсэх нөхцөл байдлыг багасгасан. Түүнчлэн газрын доорх хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа тошин үүсэж, хахаж хөлдөх, голын ус, мөс дээшээ түрж хөлдөх эрсдэлүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бий. Энэ хүрээнд голын голдирол дагуу зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хийж байна. Иймд голын хамгаалалтын зурвас, инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжийн хамгаалалтын зурвас, үер ус, халиа тошин үүсдэг байршлуудад зөвшөөрөлгүй буухгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэлээ.