Б.Эрдэнэсайхан: 50-60 автобус явах чиглэлийг дүүжин тээврийн нэг шугам л орлоно

Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болно.

Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан:

-Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна гэлээ.

“Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай юм.