С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХЭҮК-той хамтран ажиллана
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд нартай уулзав.
Энэ удаагийн уулзалтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцтай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисст ирүүлж буй гомдол, мэдээллийн талаар харилцан ярилцаж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, мөрдөн шалгах үйл ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хүндэтгэж ажиллах талаар талууд санал солилцлоо.
Улмаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Авлига хүний эрхэд үзүүлэх үр нөлөө” сэдвээр үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авах, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газрын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулах, хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтэд чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар оролцов.