Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ

Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцсон юм.

Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 500 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна. Ачаа тээвэр, логистикийн төвийг нэгдсэн байдлаар хотын баруун, зүүн хэсэгт төвлөрүүлэх бодлогын хүрээнд дээрх ажлын хэсэг Улаанбаатар хотын төв дэх тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахалж байна. Тэрбээр “Нийт ачаа тээврийн 90 орчим хувь нь Замын-Үүд боомтоор дамжин ирж, Улаанбаатар хотын төвөөс есөн дүүрэг, 21 аймаг руу эргэн тараагддаг. Энэ нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон эрүүл, аюулгүй орчинд нөлөөлж байгаа. Тиймээс хотын захад орчин үеийн инженерийн шийдэл бүхий тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулан ачаа барааг төвлөрүүлэх, тус төвөөс хотын дунд хэмжээний агуулах руу түгээлт хийх нь зүйтэй” хэмээн онцлов.