“Амжилтад хүрчихээд аваргын дүүтэй очиж уулзана аа”

Хүмүүний амьдралын хуудсанд өөрийн гэсэн түүхийг бичиж яваа Ч.Батжаргалтай уулзаж, ярилцахаар товлосон өдрөө тохирсон цагт хашааных нь үүдэнд очив. Хичээлдээ явах гэж байгаа бололтой гурван хүүхэд гэрээс гарч ирлээ. Тэд “Аав ажлынхаа өрөөнд морио сийлээд сууж байгаа” гэж хэлээд хөтлөлцөн сургуулийн зүг явцгаасан юм.

Дуурсах алдрыг хүн өөрөө олж авдаг гэдэг. Өдгөө Ч.Батжаргалыг монгол морины сийлбэрч гэж хэлж болно. Учир нь тэрбээр 17 жилийн турш тасралтгүй өдөрт 25-ыг хийсэн гэж тооцвол ойролцоогоор 14400 морийг төрөл бүрээр сийлжээ. Ааваасаа өвлөсөн авьяасыг амжилт болтол нь авч явахыг эрхэмлэдэг түүний түүх сонин агаад сонирхолтой. Хүүхэд байхад нь аав нь түүнийг төрсөн эгчийндээ өргүүлснээр бага насаа хөдөө өнгөрүүлжээ. Сэлэнгэ аймгийн Номгон суманд долдугаар анги хүртлээ суралцаж, улмаар Ерөө сумын Техник мэргэжлийн сургуулийн гагнуур, мужаан, барилгын ангийг төгссөн байна. Сургуулиа төгсөөд хэсэгтээ барилга барьжээ. Улаанбаатар хотод түүний барьсан 22 зуслангийн байшин байгаа аж.

Байшин барихын хажуугаар чөлөөт цагаараа таван хошуу мал болон амьтдын дүрсийг  сийлж эхэлсэн нь түүнийг амьдралаа өөрөөр харахад хүргэжээ. Тэрбээр энэ талаар дурсахдаа “Зуслангийн хаус нэлээд барьсан. Ширхэг хадаас ч хазгай хадах эрхгүй хүнд ажил. Барилга барина гэдэг бол хариуцлагатай ажиллахаас эхэлдэг. 2002 оны зун ажлын зар нийтэлдэг сонин худалдаж аваад байшин бариулах утасны дугаар руу ярьж, уулзах өдрөө товлосон. Очиж уулзлаа. Дархан аварга Ж.Мөнхбатын дүү нь байсан. Лагер дээрээ дүнзэн торх бариулна гэж ярилцаад үнэ хөлсөө тохироод гэрээ байгуулсан. Бөөн баяр. Хийх ажилтай, хэсэгтээ гэр бүлээ тэжээх мөнгөтэй боллоо гээд. Гэтэл эхнэрийн барьж явсан савыг хараад “Танай эхнэр ямар мэргэжилтэй вэ” гэсэн тогооч гэхэд “Өө тийм үү хоолыг чинь бэлдээд ирсэн үү” гэлээ. Үгүй ээ хоол биш. Миний сийлсэн хэдэн амьтан байгаа гэсэн. Үзье гээд үзлээ. Үнэхээр сайхан сийлж. Ах нь бүгдийг нь худалдаж авъя. Чи ер нь сийлбэрээ хий. Чамаар байшин бариулахгүй. Сийлбэрийнхээ ажлыг сайн хөгжүүлж, сайхан бүтээл хийгээрэй” гэсэн. Менежерээ дуудаад төлбөр тооцоог нь хийлгэсэн юм.

Тухайн үед байшингаа барьсан бол илүү орлого олох боломж байсан. Гэхдээ намайг дэмжээд урам хайрлаад явуулсан даа” хэмээн ярив. Монгол түмний хайртай аваргын дүүгээс урмын үг сонссон тэрбээр хийх бүтээх сэдлээр дүүрэн гэртээ харьжээ. Маргааш өглөө нь эртлэн босч мод худалдан авч морь сийлэх ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэднийх Нарантуул захын ард айлын хашаанд дөрвөн ханатай гэрт эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ. Түүний эхнэр тогоочийн ажил хийдэг ч ажлынх нь газар зах зээлийн шуурганаас болж татан буугдаж, хаалгаа барьсан байна. Амьдрахын тулд илүү их хичээх үүрэг гэрийн эзний нуруун дээр ногдох нь ойлгомжтой. Айлын хашаанд байх амбаарыг ажлын байраа болгож, охиноо харангаа морио сийлнэ. Эхнэр нь сийлсэн бүтээлийг нь зарахаар  Нарантуул зах руу явдаг байжээ. Хүний лангууны хажуу буланд, наймаачнаас нь гуйн байж морь болон сийлсэн амьтдаа тавиад зарна.

“Наанаа тавиад худалд” гэх нэгэн байхад “Аваад яваач” гэж зандрах хүн олонтаа таарсан гэнэ. Гэхдээ гэргий нь шантраагүй. Харин ч ханийхаа хийсэн бүтээлийг олонд таниулж, орлого олох ёстой гэж боддог байжээ. Монголчууд моринд хайртай, молор эрдэнэ хэмээн нэрийддэг эртнээс тогтсон уламжлалтай ард түмэн. Зарж байгаа үнийн дүн нь ч боломжийн болохоор борлуулалт өдрөөс өдөрт сайжирчээ. Орой харихдаа овоо хэдэн төгрөг халааслана. Харихдаа хоол хүнснийхээ хэрэглээг хангаад очдог болжээ. “Дөрвөн ханатай жижиг гэрт амьдардаг байсан ч ах нь их баян байлаа. Үр хүүхэдтэй, өнөр гэр бүлтэй байна гэдэг амьдралын утга учир шүү дээ. Миний сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан дурсамж бол тэр үе.

Айлын хашаанд алгын чинээхэн охиноо хоргоогоод ажлаа хийж байсан үеийг одоо бодоход аз жаргалаар дүүрэн байсан. Ажлыг хийж сурахад эхлэл нь хэцүү байдаг. Миний хувьд ч адилхан. Сийлбэр хийж эхлэхэд хэцүү байлаа. Харин одоо бол хийсэн бүтээлээсээ урам аваад амьдарч байна. Анх хутга, харуул, гар хөрөө, сүхтэй эхэлсэн. Одоо хавь илүү багажтай болсон. Олон жилийн турш сийлсэн учраас морийг нэг цагт сийлчихнэ” гэсэн юм.

Хөдөлмөрч хүний үйлс нь үргэлж өргөжин тэлдэг гэдгийг түүний хадам ах Б.Алтангэрэл хуучиллаа. Тэрбээр “Анх ирэхэд хүргэн дүү маань айлын амбаарт сийлбэр хийгээд сууж байв. Дүү минь гарын ур дүйтэй хүнтэй ханилж дээ гэж бодсон. Хийсэн морио зах дээр очиж зардаг гэдгийг сонсоод хүн авдаг юм болов уу гэж бодогдож байсан. Удаа ч үгүй хотод ирээд дүү охин дээрээ очсон. Хүний лангууны хажуу талыг 40 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа гээд баахан морь тавьчихсан зогсч билээ. Хэзээ зарж дуусна аа, хүн авах болов уу зэргээр санаа зовж хэсэг хамт байв. Гэтэл хүмүүс ар араасаа цуварч ирээд нэг мэдэхэд бараг бүгдээрээ зарагдаад дууссан. Хүний ах болсон хойно баярласан даа. Хэдэн сарын дараа Чойроос хот орж ирээд дүү дээрээ очиж уулзахад “Ах аа манайх лангуу авсан. Удахгүй дахиад нэгийг авна. Худалдагч авч ажиллуулна” гэв. Дүү маань тулгар биетэй байсан. Хүргэн ч таныг цалинжуулъя. Та хоёр дүүдээ туслаад худалдагч хий гэсэн. Би ч зөвшөөрсөн. Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө мөнгө чанга байх үед 300 мянган төгрөгийн цалин авдаг байлаа. Миний дүү чинь хөдөлмөрч, хүнийг гэсэн сайхан сэтгэлтэй залуу. Хаа нэг лангуу нь дээрээ ирэхээр хавийн хүнд хийсэн бүтээлээ хямдхан өгнө. Тэр хавийнхан Ч.Батжаргалыг наймаа хийж чадахгүй юм байж харьж морио сийл гээд явуулдаг байсан. Хөдөлмөрч хүний хүүхдүүд нь хүртэл ажил хийж сурдаг. Гарын ур дүйтэй.

Моринд хайртай монголчуудын сэтгэл дүүгийн минь гэр бүлд өгөөжөө өгч, амьдрал ахуй нь сайжирсан” гэв. Ч.Батжаргалынх хүүхдийн инээд хөөр, дуу хуур цангисан өнөр өтгөн гэр бүл. Долоон хүүхдийн аав тэрбээр гурван ачийн зулай үнэрлэсэн. Гурван хүүгээ туурга тусгаарлаж, амьдрах гэр, унах унааг нь бэлдэж өгөөд тусад нь гаргажээ. Хийж буй бүтээл бүртээ сэтгэлээ шингээж урлахыг зорьдог тэрбээр “Анх хийж байсан болон одоо хийж байгаа хоёрын хооронд асар их ялгаа гарсан байна лээ. Одоогоор тахилын, хурдны болон бодит зургийг харж сийлж байна. Үртэй хүн баян. Би хорвоогийн хамгийн баян хүн гэж өөрийгөө бодож явдаг. Зөв бодолтой явахад бурхан үргэлж зөв зүг рүү чиглүүлдэг. Миний амьдралын хамгийн сайхан мөч 2008 онд охин үрээ өлгийдөж авсан үе байлаа. Дөрвөн хүү, гурван охинтой эгэл жирийн амьдралаар амьдарч яваа энгийн нэгэн эцэг хүн. Сүүлийн хэдэн жил бие маань жаахан тааруухан л байна. Зүрхний ховдол нарийссан. Өвдлөө гээд зүгээр суудаггүй ээ. Хийх ёстой ажлаа хийсээр байна” гэв.

Сийлбэр хийхэд гар ажиллагаа нэг бүрчлэн шаарддаг учир ур дүй, уран сэтгэмж, зурах авьяас, зураглах мэдрэмж, тэсвэр тэвчээртэй хүний хийх ажил. Ч.Батжаргал сийлбэрээр хийж болох бүгдийг хийдэг. 17 жилийн турш төрөл бүрийн эдлэл сийлсэн. “Гэхдээ өнөөдөр ч суралцаж явна. Өөр хийж, бүтээж, сурах юм их байгаа” гэдгийг хэлж буйгаас түүнээс дахин давтагдашгүй цор ганц бүтээл хийхийг зорьж явааг нь мэдэрсэн юм. “Амжилтад хүрчихээд би аварга Ж.Мөнхбатын дүүтэй очиж уулзана. Надад хийж бүтээх их үйлсийн сэдлийг өгсөн буянтай хүн” гэж инээмсэглэснээр бидний яриа өндөрлөсөн юм.

С.Ичинхорлоо