Н.Учрал: Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжил
Ц.Амартөгс: Төрийн албан хаагчдын хүмүүжил төлөвшил, хяналт, хариуцлагын механизм сул байна
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцэв. Тайланг Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд төрийн албанд ёс зүй сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна хэмээн тайлангийн эхэнд дурдав. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасныг үндэслэн Ёс зүйн хороо төрийн байгууллагуудын дэргэд дэд хороод байгуулагдан 2024 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Засгийн дэргэдэх Ёс зүйн дэд хороо, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх 2759 дэд хороонд 11861 төрийн албан хаагч ёс зүйн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллажээ. Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний 77,1 хувь нь эмэгтэй, 87 хувь нь гүйцэтгэх албан тушаалтнууд аж. Ёс зүйн дэд хороод нь хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд салбар нэгжийн хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэхээс гадна хэм хэмжээг сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг байна. Ёс зүйн хороо 2025-2028 оныг хүртэлх стратеги төлөвлөгөөг батлан, хууль тогтоомжийн дагуу 12 дүрэм журам зааврыг аргачлалыг боловсруулж, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна хэмээгээд, ёс зүйн бие даасан тогтолцооны хүрээнд дэд хороодын хэрэгжүүлэх үйл ажиллагааг 5 үндсэн алхмаар буюу урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, судалж шинжлэн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, ёс зүйн нөлөөллийн мэдүүлэг гаргаж хариу арга хэмжээ авах системчилсэн арга зүйг тодорхойлсон байна. Ингэж тодорхойлсноор ёс зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдэж төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны хүртээмж, үр өгөөжид эергээр нөлөөлнө гэж үзжээ. Тайлант хугацаанд төрийн албан хаагчийн ажлын байран дахь ёс зүйн сургалтыг 84 байгууллагад зохион байгуулж нийт 16,4 мянган албан хаагчийг танхим болон цахим хэлбэрээр хамруулжээ. Нийт ёс зүйн дэд хороодын түвшинд зохион байгуулсан сургалт нөлөөллийн үйл ажиллагаанд давхардсан тоогоор 348,1 мянган албан хаагч хамрагдсан нь өнгөрсөн оноос 57,6 дахин өссөн үзүүлэлт аж.
Ёс зүйн хороо төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцооны суурь өгөгдөлд тулгуурлан системийг хөгжүүлж, системд бүртгэлтэй байгууллагуудын дэд хороодын үйл ажиллагааны хүрээнд 467 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Дэд систем нь гомдол, мэдээллийн бүртгэл хийх, ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, ёс зүйн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, эрсдэлийг тодорхойлох, статистик тайлан мэдээллийг шуурхай нэгтгэн боловсруулж бодлогод ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэлээ.
Тайлант хугацаанд ёс зүйн зөрчлийн бүртгэлд 467 гомдол бүртгэгдсэн нь өмнөх үеэс 21,5 хувиар буурсан хэдий ч удирдах албан тушаалтантай холбоотой гомдол, мэдээлэл 80 гарчээ. Ёс зүйн зөрчил гаргасан нийт албан хаагчдын 31,8 хувь нь сайн дураар хариуцлагаа хүлээсэн байна. Иргэдийн хүсэлт хариу өгөхгүй байна, хэл амаар доромжилсон, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчил нийт бүртгэгдсэн зөрчлийн 51,7 хувийг эзэлжээ. Үүнд удирдах ажилтны манлайлалгүй байдал, төрийн албан хаагчдын хүмүүжил төлөвшил, хяналт, хариуцлагын механизм сул байгаатай холбоотой гэж дүгнэсэн байна.