С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Эрдэнэт" үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ техник, технологийн шинэчлэлт хийж байна. Учир нь тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн агуулга жил ирэх тутам ядуурсаар байгаа юм. Анх уг ордын хүдрийн агуулга 0.8 хувьтай байсан бол одоо 0.34 хувь хүртэл буураад байна. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлы гишүүн Д.Батлут болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны уирдлагуудтай уулзах үеэрээ тус үйлдвэрийн Ерөнхий захирал, доктор Г.Ёндон энэ талаар тодорхой танилцуулсан юм. Цаашид үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд техник, технологийн шинэчлэл хийх, мөн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч, үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж буй ажээ.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэчлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн бүх хэсэг, цехийн төлөөлөл, инженер, удирдлагууд оролцсон 450 гаруй хүнтэй уулзалт хийсэн юм. Дэд дарга болон гишүүд Улсын Их Хурлаас эрдэс, баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах талаар хийсэн ажлууд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркын тухай хуулиуд, тэдгээрийн зохицуулалт, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, хүнд үйлдвэрийн болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг уаашид шинэчлэн сайжруулах талаар иргэд, олон нийтийн санал бодлыг сонсож яваагаа дурдаад, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын ажлын хүрээнд нээлттэй сонсголуудыг зохион байгуулж, албан тшаалын гэмт хэрэгт ноогдуулах ялын бодлогыг чангаруулах зэрэг холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар ярилаа. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр нэг төгрөгийн бүтээгдэхүүнийг 71 мөнгөөр хийж байгаа бол Оюутолгой компани нэг төгрөгийн бүтээгдэхүүнээ нэг төгрөг, 10 мөнгөөр үйлдвэрлэж байгааг харьцуулан жишээлж, уул уурхайн үйлдвэрлэлийн шилдэг үлгэр жишээ болж буй тус үйлдвэрийн нийт уурхайчдад баяр хүргэв.
Орхон аймгаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, уурхай дагасан хотын ирээдүйг эртнээс анхаарч, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар онцолсон юм. Тэрбээр, тус аймгийн Засаг дарга байх үедээ эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж, шинжлэх ухаан, технологийн паркын эхлэлийг тавьж, евро стандартын будаг гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн боловч зогссон тухай дурсан, үйлдвэрлэл бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн зохицуулалтыг оновчтой, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох чиглэлээр ажилласан тухайгаа танилцуулан ярьсан юм. Энэ бүхний үр дүн евро стандартын будгийн үйлдвэрлэл дахин сэргэснийг дурдаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргээд эхэлснийг ч дуулгалаа.
Монгол Улсын баатар цолоор шагнагдсан тус үйлдвэр уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл, нийгмийн хариуцлага, хүний нөөцийн бодлогын талаар жишиг болохуйц үйл ажиллагаа явуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уулын баяжуулах үйлдвэрийг 1972 онд анх 36 жил ажиллах нөөцтэйгөөр баталж байсан бол 2021 онд Эрдэнэтийн овоо ордын корридорт байрлах Оюутын ордод геологи, хайгуулын ажил явуулж, зэсийн нийт нөөцийг 1.0 тэрбум орчим тонноор нэмэгдүүлснээр хүдрийн нийт нөөц 3.0 тэрбум орчим болж, уурхай цаашид 60 жил тасралтгүй ажиллах боломжтой болжээ. Технологи шинэчлэлтийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэр үйлдвэрийн удирдлага онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, Эрдэнэт хотын ус хангамжийн гуравдугаар шугамын өргөтгөл, Эрдэнэт-Хялганатын хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм. Ил уурхайн хүдрийн тээвэрлэлтэд конвейерийн систем нэтврүүлэхээр ажиллаж байгаа нь ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулах юм. Мөн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, эмульсийн тэсрэх бодисын үйлвэр, засвар, механикийн заводын өргөтгөлийг эхлүүлээд байгаа юм.
Эрдэнэтийн Үйлдвэр, технологийн паркийг байгуулах ажлын хүрээнд тус паркын дэд бүтцийн ажлуудыг эхлүүлж, мөн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийт 762.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд эхний ээлжинд жилд 124.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал суурилагдах юм.
Уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагууд Эрдэнэт үйлдвэрий геологи, хайгуулын үйл ажиллагааг бүхий л талаар дэмждэгт талархал илэрхийлээд, Эрдэнэтийн стратегийн ордын талбайд олгосон хайгуулын таван лицензийн хүрээнд нөөцөө нэмэгдүүлэх ажлыг явуулж байгаагаа танилцулсан юм. Тэрбээр, Эрдэнэтийн овоо ордын хайгуулыг үргэлжлүүлэхэд зарим хэсэг нь суурьшлын бүстэй давхцаж байгааг дурдаад, энэ мэт геологи, хайгуулын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, мөн энэ ажлын хамрах хүрээг цаашид өргөжүүлж, бүсийн хэмжээнд хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хрлын дэд дарга болон гишүүдээс хүсэв. Мөн Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркын Геометаллургийн төсөл хариуцсан инженер Д.Мөнхбаяр, тус паркын хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн өртөг зардал 750-850 сая ам.доллар болохоор байгааг дурдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Ж.Мөнгөншагай, Авто тээврийн цехийн Үйлдвэрчний хорооны дарга П.Гантулга нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан ава тухай хуулийн зарим зохицуулалтаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэр хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээ авч чадахгүй байгаа, мөн Эрдэнэтийн цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн өртгөөс нь хямд үнээр авч байгааг зохих түвшинд хүргэх, Белазын жолооч нарын ажлын нөхцөлийг “хүнд, хортой нөхцөл”-д хамруулж өгөх зэрэг хүсэлт тавьж, хамт олныхоо нэрийн өмнөөс бичгээр гардуулав.
Түүнчлэн, “Эрдмин” компанийн инженер н.Золбоот, ядуу агуулгатай хаягдал хүдрийг боловсруулах Монголд төдийгүй Азид анхны үйлдвэр “Эрдмин” 27 дахь жилдээ ажиллаж байгааг танилцуулаад, 2012 оны гэрээлснээсээ хойш үйлдвэрийн түүхий эд буюу хаягдал хүдэр авч чадаагүй байгаагаа ярьсан юм. Тус компани дээрх хугацаанд хангалттай мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулсныг тэрбээр онцлоод үйлдвэрлэл, технологийн паркын ажлын хүрээнд амжилттай, тогтвортой ажиллаж байгаа төслүүдэд түүхий эд олглах талаар тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүслээ,
Дээрх санал, хүсэлтүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагатай ярилцаж шийдвэрлэхээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийлж, хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх асуудлаар бүх талыг оролцуулсан яриа хэлэлцээг Улаанбаатар хотод хийх нь зүйтэй гэсэн юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэл, борлуулалтаа жил тутам нэмэгдүүлэн ажиллаж, 2019-2023 онд нийт 6.9 их наяд төгрөгийн төлбөр, хураамж улсын төсөвт төвлөрүүлсний зэрэгцээ дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахлын үед улсын хэмжээнд айл өрхүүдийн хэрэглээний ус, цахилгаан, хогны төлбөрийг хүртэл төлж, ард иргэдийн амьжиргааны чанарыг хамгаалахад ихээхэн тус хүргэснийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар энэ үеэр онцлов. Цас зудтай хүнд хэцүү өвөл болж, хахир хатуу хавартай золгож буй энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ малчин түмэндээ 285.2 сая төгрөгийн мөнгөн хандив өгсний зэрэгцээ зам давааг нээх, өвөлжөө, бэлчээр гаргах, өвс тэжээл тээвэрлэх зэргээр нийт 271.4 сая төгрөгийн техникийн тусламжийг үзүүлжээ. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийг Орхон аймагт ажиллах үед Эрдэнэт хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл нутгийн малчдад зориулсан хандивын өвс тээвэрлэсэн цуваа хөдөлсөн юм. Цувааг үдэх үедээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, бүс нутгийнхаа Булган, Завхан, Хөвсгөл аймгийн малчдад чин сэтгэлийн тус дэм үзүүлж, хүнд бэрх цагт хамт байгаа Орхон аймгийн иргэдэд талархал илэрхийллээ.
Дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын болон засвар, механикийн заводын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцав. Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын өргөтгөлийг 2019 онд эхэлж, цар тахлын хугацаанд тасралтгүй үргэлжлүүлсээр өнгөрсөн онд жилд 6.0 сая тонн хүдэр нунтаглах хоёр тээрмийг ашиглатанд оруулсан бөгөөд үргэлжлүүлэн 2.0 сая тонн/жилийн хүчин чадлыг нэмж суурилуулахаар ажиллаж байна хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх танилцуулсан юм. Засвар, механикийн заводын хүчин чадлыг орчин үеийн, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдээр нэмж тоноглосноор тус завод зөвхөн Эрлэнэт үйлдвэрийн төдийгүй салбарын болон бүс нутгийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн болон хөдөө аж ахуйн техник хэрэгслийн засвар, сэлбэгийн үйлчилгээг зохих шаардлагын хэмжээнд үзүүлэх боломжтой болоод байна.