Хэт төвлөрлийг задлах “20 минут” стратеги!

“Ардчилсан холбоо” эвслийнхэн Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдаар томилж, Ардын Намынхан Су.Батболдыг огцруулж байснаас бусдаар 1990 оноос хойших Монгол Төрийн хамгийн тогтвортой албан тушаал нь нийслэлийн Засаг даргын суудал байв. Энэ хооронд М.Энхболд Ерөнхий сайдын сэнтий рүү буйр сэлгэж, Ц.Батбаяр, С.Амарсайхан нар УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг эс тооцвол Л.Энэбиш, Ц.Баасанжав, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл тэргүүтэй мэйрүүд сонгуулийн циклийн хугацаанд ажиллаж, бүрэн эрхээ дуустал нь ажиллаж, дараагийн хүндээ албаа шилжүүлжээ. Алдсан нь ч бий, оносон нь ч байна, үндсэндээ мэйр болгон өөрийн гэсэн түүхтэй. Монгол Улс засаглалын хуваарилалтаар хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын гурван салаа мөчиртэй ч хот хэмээх их айлын “толгой” нь харьцангуй хэн нэгнээс хараат бусаар явж ирсний гол хэмжүүр энэ юм.

Ийн өгүүлэхийн учиг нь хотын намын хорооны даргын хувьд өөрийн багийг бүрдүүлэн үнэмлэхүй ялалт байгуулж, Улаанбаатарын 35 дахь мэйр болсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр огцорч, оронд нь Х.Нямбаатарыг томилсноор яг зургаан сарын хугацаа өнгөрөв. Нийслэлийн МАН-ыг сонгуульд ялуулсан гавьяа нь Д.Сумъяабазарынх, үүгээрээ алдаа, оноогоо хоршуулан ирэх намар хүртэл Засаг даргаар ажиллах нь зүйн хэрэг байв. Гэвч “Ногоон автобус” тойрсон хардлага, шүүмжлэл түүнийг ийм сонголт хийхээс аргагүйд хүргэсэн. Зөвхөн намын, улс төрийн шийдвэрийг дагаж өгдөг, авдаг, огцруулдаг, гэхдээ маш цөөн тохиолдолд албажиж ирсэн нийслэлийн Засаг даргын сэнтийд сонгуулийн цикл угтаж Ерөнхий сайд нь өөрөө салхи оруулсан нь учиртай. Тэр нь ерөөсөө л хариуцлага. Хэн, хэзээ, хаана хэрхэн ажиллаж асан туршлага, бас гавьяа байгуулсан эсэхээс үл хамаарч хариуцлага алдсан л бол шууд албан тушаалтай нь ярьж болдгийн бодит жишээ, магадгүй сайн жишиг. Энэ нь одоогийн Х.Нямбаатар даргад ч хамаатай. Гэхдээ асуудлын гол энэ биш. 

Харин 1992 оноос тусдаа хуультай, төсөвтэй, тусгай чиг үүрэгтэй яваа нийслэл Улаанбаатарын бодлогыг зангидахад Засгийн газраас дэмжлэг үзүүлээд зогсохгүй шууд оролцож эхэлснээр түрүүчээсээ үр дүнд хүрсэн үү? гэвэл тийм. Лав л 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын хэд хэдэн дүүрэгт ажиллаж, албан уулзалт хийх нь олшров. Нийслэлийн нутаг дэвсгэрт томоохон бүтээн байгуулалт эхлүүлж, дуусгахад шав тавих эсвэл тууз хайчлах төдий оролцоотой уламжлалаас Засгийн тэргүүн нь зайлсхийж дүүрэг тус бүрд өөрөө очиж, уулзалт зохион байгуулж буй нь мэдээж том шалтгаантай. Улаанбаатар хот есөн дүүрэгтэй. Тэдгээр нь нийт 204 хороонд хуваагддаг. Тийм атлаа нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг. Үүнийх нь 0.02 хувь буюу Бага тойруу орчмоор нийт засаг захиргааны байгууллагын 90 хувь нь төвлөрдөг. 1.5 сая квадрат км газар нутагтай Монгол Улсын ердөө 0.3 хувьд нийслэлийн хүн ам нь төвлөрч, түүнийх нь 0.02 хувьд нь Төрийн захиргааны байгууллагын 90 хувь нь үйл ажиллагаа явуулж буй өнөөгийн Улаанбаатарын бодит зовлон мөн үү? мөн. Дахин тодотгоё 0.02 хувь! 

Ийм нөхцөлд ямарч сайн бодлого гаргаж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсан түгжирдгээрээ түгжирнэ. Тэг зогсолт болдгоороо болно. Асуудал байгаа 0.02 хувь дээрх төвлөрлийг сааруулж, задлахгүйгээр, Төрийн үйлчилгээг хотын төв, холбогдох дүүргээс нь холдуулахгүйгээр ямар ч мундаг дарга, сайд, мэргэжилтэн гарч ирсэн хана мөргөхтэй л адилхан гэсэн үг. Нийслэл, Х.Нямбаатар дарга ч дангаараа шийдэх, хүчрэх асуудал биш. Харин Ерөнхий сайд, хотын дарга хоёрын зургаан сар үргэлжилсэн хоршлоос нэгэн санаа ургасан нь Улаанбаатарыг 42 бүс болгон задлах санаачилга. Үндсэндээ өнгөрсөн 30 жилд нийт хүн амынх нь талаас илүү хувь нь төвлөрч, тэр хэрээрээ түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээлтэй нүүр тулсан өнөөгийн Улаанбаатар хотын асуудлыг шийдэх, "амь тариа" хийх арга нь 42 бүсэд хуваарилж, задлах бодлого гэдэгт Засгийн газар, нийслэлийн түвшинд санал нэгдсэн бололтой. 

Ингэхийн тулд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх шаардлага үүсэх нь тодорхой. Нэгэнт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн тохиолдолд дүүргүүдийг задлах, Төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр шийдэх арга замыг нээнэ. Үр дүнд нь иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно гэж онцолсон Ерөнхий сайдын ярианы үндсэн стратеги нь ийм. 

Бүсчлэл гэдэг эрх мэдлийг задалдаг жамтай. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд бий болж, бүр дийлдэхээ больсон Улаанбаатарын түгжрэл хотын төв, Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь "20 минут" стратегийн зорилго. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байгаа нь нууц биш. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаанадаж хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах нь.

Санаж байгаа бол нийслэлийн 36 дахь Засаг даргыг томилох үеэрээ Ерөнхий сайдын зүгээс Х.Нямбаатар болон түүний багийнханд хэд хэдэн үүрэг өгсөн. Түүнд нь "Улаанбаатар хотын анхан шатны бүтцийн байгууллагуудтай хамтарч, нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг эргэн харж, энэ ондоо багтаан Засгийн газарт танилцуулах, (энэ дундаа алслагдсан гурван дүүрэг, дагуул хот, гэр хорооллын хороодод онцгойлон анхаарах)" хэмээх өгүүлбэр бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, хотын дарга хоёрын зургаан сарын турш үргэлжилж буй Улаанбаатарыг чиглэсэн бодлогын эхлэл нь 42 бүсэд хувааж, хуваарилах саналаар улам баталгаажив. Хотын иргэн хэн байхаас үл хамаарч хэзээ, хаанаас ч Төрийн үйлчилгээг 15-20 минутын дотор авдаг болох нь чухал, хэт төвлөрлийг сааруулахад тустай нь үнэн л юм бол хэрхэхийг цаг хугацаа л харуулах нь!

Г.Эрхэс