С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглоно
Улсын хилээр автомашины нүүрсэн янданг гаргахыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” УИХ-ын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ 2018 онд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан.
Гэтэл сүүлийн жилүүдэд хууль тогтоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон байна. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болжээ.
Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна.