С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхийлөгч Х.Баттулга үерт автсан хүүхдүүдтэй уулзжээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан хүүхдүүдтэй уулзсан тухай Улаанбаатар хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн алба мэдээлжээ. Ерөнхийлөгч Баттулга хүүхдүүдийг биечлэн хүлээн авч уулзсаны дараа хүүхдүүд Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг зорьжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Эрхүү мужийн үерт автсан Тулун болон Доод-Үд хотоос хүрэлцэн ирсэн 9-17 насны 40 гаруй хүүхэд “Найрамдал” зусланд амарч байгаа юм.
“Найрамдал” зусланд хүүхдүүд ирэх сарын 1-нийг хүртэл амрах бол Эрдэнэ хотын ГОК-ийн зусланд 8 дугаар сарын 25 хүртэл байх аж. Монгол улс үерийн гамшгийн уршгийг арилгахад нь ОХУ-ын Эрхүү мужид хүмүүнлэгийн тусламж үзүүлж, идэвхтэй дэмжлэг үзүүлсэн юм. Энэ сарын 5-нд нийт 10 тонн бүхий тусламжийн ачаа барааг Эрхүү мужид хүргэсэн бол дараагийн удаад 4.6 тонн ачааг илгээжээ. Түүнчлэн Монгол улсын Засгийн Газар санхүүгийн тусламж болгон Эрхүү мужийн төсөвт 1 сая рублийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Зургадугаар сарын сүүлчээр эхэлсэн үерийн улмаас Эрхүү мужийн 109 суурин дахь 42.7 мянган хүн оршин суудаг 10.9 мянган байшин усанд автжээ. Үерийн улмаас 25 хүн амиа алдаж, долоон хүн сураггүй болсонд тооцоод байгаа юм.