Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооныхуралдаанаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Улсын Их Хурал батлахаар заасан гурван журмын төсөл багтжээ. Улсын Их Хурал батлахаар заасан дээрх журмуудаас “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдоор ахлуулан байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2024 оны 4 дүгээр сарын 02, 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд хуралдан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ын төсөлтэй холбогдуулан 22 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн хэмээн тус ажлын ахлагч Г.Ганболд танилцууллаа.
Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол дараах хүрээг хамарчээ. Үүнд:
1.Тогтоолын төслийн 2 дахь заалт буюу дагаж мөрдөх хугацааг хасаж, тогтоол ердийн журмаар хүчин төгөлдөр болох;
2.Тогтоолын хавсралтын нэр томьёоны тодорхойлолт хэсэгт “нэгжийг шилжүүлэх” гэсэн нэр томьёог нэмж тусган, нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичигт тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжийн одоогийн болон өөрчлөлтийн дараах нөхцөл байдлыг тусгасан байхаар тодруулах;
3.Тогтоолын хавсралтын “Нийтлэг үндэслэл” хэсэгт энэ журмаар зохицуулах харилцаатай холбогдох заалтуудыг нэгтгэн томьёолж, төслийн хавсралтын бусад заалт, дэд заалтыг нийцүүлэн өөрчлөх;
4.Нэгжийн өөрчлөлтийн талаарх төсөл боловсруулахад иргэдэд зориулсан төрийн болон орон нутгийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмж өмнөх түвшнээс дээшилсэн байх;
5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журмын хавсралтаар батлах төслийн баримт бичигт тусгагдах үндсэн мэдээлэл, иргэдээс санал авах саналын хуудасны загварт өөрчлөлт оруулж, журмын холбогдох заалтад нэмж тусгах;
6.Нэгжийн өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт тухайн нэгжийн төлөөлөл оролцох агуулгыг тодруулж, өөрчлөлтөд хамрагдах нэгжийн Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулах;
7.Сум, дүүргийн хувьд 3 сар, аймгийн хувьд 6 сарын хугацаанд багтаан иргэдэд мэдээлэх, танилцуулах, оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн шинжилгээ хийх, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн мэдээлэх ажлыг зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд тус 3 сар, 6 сарын хугацааг ажлын хэсэг нэгжийн өөрчлөлтийн төслийн баримт бичгийг боловсруулан хүлээлгэн өгсөнөөс хойш тооцохоор тодруулах;
8.Аймгийн өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг Засгийн газар, сум, дүүргийг өөрчлөх асуудлаар санал хураалт явуулах өдөр, цагийг аймаг, нийсэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал товлон зарлах, саналыг нууцаар авах;
9.Өөрчлөлтөд нэг, эсхүл хоёр ба түүнээс олон нэгж хамрагдах тохиолдолд тухайн өөрчлөлтөд хамрагдаж байгаа нэгжүүдийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн олонх дэмжсэн саналыг хүчинтэйд тооцох хүрээнд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.