С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хүмүүжигч суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд танилцууллаа.
Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хорих ял эдэлж байгаа хүний 45 орчим хувь нь 5 хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна.
Хорих ял нь хүний эрхийн хязгаарлалтын хамгийн хүнд хэлбэр бөгөөд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох зорилгоор энэ төрлийг ялыг хэрэглэж байгаа ч санхүүгийн хувьд харьцангуй өндөр зардалтай, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь багатай албадлагын арга хэмжээ гэдгийг тэрбээр тодотгов. Иймээс олон улсын чиг хандлага нь энэ төрлийн ялыг эцсийн арга хэмжээ болгож, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэгт зохих хугацаагаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ажилд цогц байдлаар анхаарал хандуулах гэдгийг танилцуулгадаа дурдсан.
Монгол Улсад хоригдлыг нийгэмшүүлэх, хорихоос суллагдахад бэлтгэх, суллагдсаны дараа хяналт тавих, нийгэм, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хорих ангийн санхүүгийн нөөц бололцоо дутмаг, нийгмийн ажил явуулах арга барил шинэчлэгдээгүй, суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх, үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгаагаас хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэв. Нөгөө талаар хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй нь хорих ялын үр нөлөөг сулруулж, нийгмийн болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. Дахин гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байсан гэж үзжээ. Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд тодорхой хугацаанд (2 жил) нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тулгарч байгаа нийтлэг асуудлыг багцлан үзвэл суллагдсаны дараа нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй байдаг, хуулиар тодорхойлсон нийгмийн халамж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс, нийгмийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, өөрийн гэсэн оройн байр байхгүй зэрэг асуудлыг нэн тэргүүнд дурджээ. Энэ хүрээнд хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаарх 6 санал, зөвлөмжийг боловсруулсныг Комиссын гишүүн Б.Энхболд дэлгэрэнгүй танилцуулсан.