“Хонгил” байдгийн бас нэгэн баталгаа

Н.Энхбаяр бол ардчиллын түүхэнд шүүхээс ял сонссон анхны Ерөнхийлөгч. 2000-2009 онд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн сэнтийд шатлан дэвшиж, завсарлагагүй өгссөн цорын ганц улстөрч хэдий ч бүрэн эрх нь дуусгавар болсон цагаас буланд шахуулсан нь үнэн. Өнөөдрийг хүртэл өөрийгөө гэм буруугүй, хэлмэгдсэн хэмээх үгүйсгэл Н.Энхбаяраас цухалзаж ирсэн ч шүүгчийн шийдвэр, шүүхийн тогтоол гарсан нь бодит үнэн, тэр нь эцсийнх. Эцэст нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулж, тангараг өргөснийхөө дараа уучлал үзүүлэх зарлиг гаргаснаар иргэн Н.Энхбаяр улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхээ олж авсан юм. Ганц гэм нь ялтайд тооцох хугацаа хэмээх хуулийн дөнгө нь түүнийг 2016, 2020 оны УИХ, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг хоригт оруулсан түүхтэй. Шүүхээс Н.Энхбаярыг цагаатгах тогтоол гаргаагүй, зөвхөн Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан учраас хуулиа дагах нь мэдээж зүйн хэрэг. 

Гагцхүү Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шүүгч, прокурор тэргүүтэй хуулийн байгууллагаас бүрдсэн “Хонгил”-ыг үүсгэн байгуулагч, жинхэнэ эзэн мөн эсэх дээр цэц булаацалдах болсон энэ цаг үед Н.Энхбаяр нэгэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татав. Тэрбээр “Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийн үгэнд орж, намайг хорьсон. МАНАН-гийн толгойлогч нь Ц.Элбэгдорж. Дараа нь Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр таараад надаас уучлалт гуйсан. Ц.Нямдорж байнга шахаад байсан учраас аргагүйн эрхэнд зөвшөөрсөн” гэжээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хуулийн сайд асан Ц.Нямдорж нарын зөрчил эртнийх. УИХ-ын даргаар ажиллаж асан Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож, орыг нь Ц.Нямдорж залгасан үеэс эхтэй. Гэхдээ тэдний зөрчил улс орных гэхээсээ нам доторх эрх ашгийн хүрээнд явсан.

Харин Ц.Элбэгдоржийн үед Н.Энхбаярыг баривчилж, ял ногдуулсан үе бол өөр. Тив дамнан хүн хулгайлсан хэргээр жил хэртээ Англид саатуулагдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг эх оронд авчирч, АТГ-ын дэд даргаар томилсны дараа өрнөсөн процесс. УИХ-ын сонгууль болохоос ердөө хоёр сарын өмнөхөн гэсэн үг. АТГ-ын дэд дарга нь гүйцэтгэх ажиллагааг гардан гүйцэтгэдэг, удирдлагаар хангадаг хуулийн субъект. Үүгээр Н.Энхбаярын оймстой нь гэрээс баривчилсан дуулиант үйл явдлыг хууль талаас нь зохион байгуулсан хүн нь Б.Хурц. Эх оронд нь авчирсан, УИХ-д санал оруулж, уг албанд томилуулсан нь албан тушаалтан нь Ц.Элбэгдорж. Энгийнээр Ц.Элбэгдорж чиглэл өгснийг Б.Хурц ёсоор болгосон нь Н.Энхбаярын оймсыг гозолзуулсан баривчилгаа. 

Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр санаандгүй таарахдаа уучлал гуйсан гэдгийг Н.Энхбаяр л хэлсэн болохоос хууль, шүүхийн оролцоотой “Хонгил” байдгийн бас нэгэн баталгаа нь энэ юм. Хэн нэгнийг “Хонгил”-оор чирж, хохироочихоод хээв нэг уучлал гуйх нь зөвхөн улстөрч хүнээс гарах араншин байж болох ч авлигын сүлжээг аварга том царс болгоход хууль, шүүхийн байгууллага нь оролцоотой байв уу? гэдэг нь мэдээж асуудал, бас асуултын тэмдэг юм!

Санаж байгаа бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр улирсан 2013 онд зарлиг гаргаж, анхан шатны болон хянах шатны бүх шүүгчийг нэг өдөр ажлаас нь чөлөөлсөн тохиолдол бий. Ингэснээр шүүх засаглал тодорхой хугацаагаар эзэнгүй болсон тухай одоо ч хуульчид ярьдаг. Оргүй ч юм биш. Нэг өдрийн дотор шүүх байгууллагад бүхэлд нь салхи оруулсан уг зарлигийн хүрээнд өнөөдөр тангараг өргөсөн 500 шүүгчийн тал нь Ц.Элбэгдоржийн томилгоотой гэсэн шошготой явдаг. Хүссэн ч эс хүссэн ч үнэн юм нь ийм. Үүнээс яг жилийн дараа буюу 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаар шинэ Ерөнхий сайдаар тодорсон Ч.Сайханбилэг мөн л анхны захирамжаараа Б.Хурцыг АТГ-аас тагнуулын даргаар томилсон нь одоо ч хардлага дагуулдаг. Үүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн даргыг өөрчилсөн нь тийм ч санамсаргүй томилгоо биш юм. 

Үндсэндээ Н.Энхбаярын баривчилгаанаас эхтэй “Хонгил”-ын систем бүх шатны шүүгчийг чөлөөлснөөр үргэлжилж, яван чангарсаар Б.Хурц тагнуулын даргаар очсон 2014 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор “махны машин”-ы үүргээ гүйцэтгэж эхэлснийг эндээс харж болохоор. Энэ хооронд улс төр, нийгмийн хүрээнд ямар үйл явдал болж өнгөрөв. Томоос нь дурдахад “Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэг нар өмчилж, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн мөрөөр хууль, шүүхийнхэн орж эхэлсэн түүхтэй. Цаг хугацаа үнэний хэмжүүр гэгчээр өдгөө эдгээр асуудлын утасны үзүүр хөврөхтэй зэрэгцэн хэн хамгийн ихээр сандарч, хашгирч, эгдүүцэж байна, "Хонгил"-ын автор гэгддэг тэр хүн л байна!

Г.Эрхэс