Стратегийн орд эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцаа эзэмшүүлнэ
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс боловсруулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн зарчмын зөрүүтэй 38 саналын томъёолоор санал хураав. Эхний санал болох орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн харьяанд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхай, ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байхын зэрэгцээ авто зам, төмөр замын дэд бүтцийн хуудийн этгээдийг нэмж оруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал горимын санал гаргасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Мөн хуулийн төсөлд, Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулахаар заасныг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулахаар өөрчлөх Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруудах тухай хуулийн төсөлд, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг, улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг тус тус төр үнэ төлбөргүй эзэмшиж болохоор заасныг болон үүнтэй холбоотой заалтуудыг гүйцээн боловсруулах чиглэл өгч, Эдийн засгийн байнгын хороонд буцаав. Бусад зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.