С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Я.Цэлмэн: “Улаан шугам”-д шаардлагагүйгээр суулгах зөрчлийг таслан зогсоосон
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хуралдаанаар хэлэлцэж, энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.
Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор баталгаажуулсан аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эс үгүй бол тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээг хийж байгаа гэв. Тодруулбал, хүн өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй нөхцөл байдалтай 800 орчим газарт давтагдсан тоогоор жилд 100 мянга орчим иргэн урт, богино хугацаагаар байрлаж байгааг холбогдох байгууллагуудаас авсан статистик дүн мэдээнээс тодорхойлжээ. Үүнээс нэн тэргүүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гал тууралтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн 37 мянга гаруй хүнд тогтмол хяналт, шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн байна. Тайлант хугацааны хяналт шинжилгээний хүрээнд 48 газарт өөрийн хүсэлтээр гарч байх боломжгүй нөхцөлд байгаа 9542 хүнээс олон улсын жишиг стандарт, дотоодын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авчээ. Түүнчлэн хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон баривчлагдсан 675 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 337 ажилтан, алба хаагчтай хүсэлтийнх нь дагуу уулзаж, 2739 хүнд зөвлөгөө өгч харьяаллын дагуу 66 гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна. ШШГЕГ-ын харьяа төв,орон нутагт байрлах нээлттэй, хаалттай хорих анги, цагдан хорих анги байр, төв, баривчлах байр, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, цагдаагийн байгууллагын төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүлжүүлэх, түр саатуулах байр, баривчлах байр, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, цэргийн сахилгын байр зэрэг хуулиар харьяалуулсан бүх газарт очиж сургалт, сурталчилгаа явуулж, 25 зөвлөмж хүргүүлэн биелэлтийг тооцсон дүнг талуудад болон олон нийтэд мэдээлсэн байна.
Үргэлжлүүлэн тэрбээр ШШГБ-ын алба хаагчдын цалин, нийгмийн асуудлаарх шийдвэрийн хэрэгжилт, хорих ял эдэлж буй хүмүүсийн эргэлт, уулзалтыг цахимаар зохион байгуулдаг болсон, хорих ял эдэлж буй хүмүүсийг “улаан шугам”-д шаардлагагүйгээр суулгах зөрчлийг таслан зогсоосон, хорих ял эдэлж буй хүмүүсээс албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлыг шуурхай шилжүүлдэг болсон зэрэг онцлох үр дүнг танилцуулав. Үргэлжлүүлэн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, СЭМҮТ-д хийсэн хяналт, шинжилгээний талаар тайланд дурдагдсан мэдээллийг танилцууллаа.
Нийт иргэд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтанд шилжүүлэн шалгуулсан талаар мөн дэлгэрнгүй танилцуулсан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд анх үйл ажиллагаа эхэлж байхад 6 гомдол ирж байсан бол өнгөрсөн жил нийт 66 гомдол мэдээлэл ирснээс эрүү шүүлтийн улмаас хохирсон талаарх мэдээлэл зонхилжээ. Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн тэдгээр гомдол мэдээллийн дагуу эрх нь зөрчигдсөн гэх 19 иргэнтэй биечлэн уулзаж эрх зүйн туслалцаа үзүүлэн, зарим санал хүсэлтийг эрх бүхий албан тушаал дээр даруй шийдвэрлүүлсэн байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гурван багц саналыг Байнгын хороонд танилцуулж буйгаа Комиссын гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.
Тайлангийн хүрээнд Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтын талаар Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц түүний нэмэлт протоколд нийцүүлэн эрх зүйн одоо зохицуулалтыг боловсронгуй болгох; Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг үзүүлэх, Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заасан сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж төрөлжсөн асрамжийн бүтэц бий болгох; Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын олон улсын гэрээ конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцын 22 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороонд уламжлах асуудлыг холбогдох журмын дагуу судлан шийдвэрлэх гэсэн саналуудыг Байнгын хороонд танилцуулав.
Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсээс хийсэн үнэлгээг тус хэлтсийн дарга Г.Болорсүх танилцуулсан бөгөөд 10 зөвлөмж гаргасан гэв.
Энэхүү тайлан, түүнд хийсэн үнэлгээний талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар асуулт асууж, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Түүнчлэн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр санал хэлсэн юм. Үүгээр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.