Хөрөнгө биш сэтгэл дутаж иржээ, бидэнд!

Хүүхэд, залуучуудын театр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээлээ. Нээлээ ч гэж 27 жилийн турш орох орон, оочих аягагүй явсан эл театрын уран бүтээлчид өөрийн гэсэн театрын барилгатай, тогтвортой ажлын байр, цалин хангамжтай болж буй нь энэ. Уг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа даргаар нь ажиллаж асан 1990-ээд оны үед менежентийн гэрээгээр бүхэлд нь хувьд шилжүүлж, уран бүтээлчдийн хамт хувьсгалаас “өрх тусгаарлаж” байсан түүхтэй. Гэвч гаднаас хөрөнгө оруулалт татах нэрийн дор найруулагч И.Нямгаваа театрын барилгыг зарж, АНУ руу одсоноос хойш Хүүхэд, залуучуудын театр гэж байгууллага орхигдож, бүр мартагдсанаар өнөөдийг хүрчээ.

Энэ хооронд Төрөөс татаастай явсан гэх театрын уран бүтээлчдийн нийгмийн даатгал тасарснаар тэтгэврээ тогтоолгож чадалгүй хохирсон нь олон байхад барилгыг нь арилжааны банканд зарчихаад хилийн дээс алхаад сураг тасарсан найруулагч И.Нямгаваагаас хариуцлага нэхэх нь байтугай Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор нэмж шагнасан нь гаслантай хийгээд тохуутай. Ямартай ч нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Сонгинохайрхан дүүргийн V хороонд 850 хүний суудалтай соёлын ордон байгуулах санал гаргасан нь цаасан дээр бус хөрсөн дээр бууж, бодит ажил хэрэг болгосон нь “Хайрыг хайрла” жүжгээр нээлтээ хийсэн Хүүхэд, залуучуудын театрын шинэ барилга. “Ковид”-ын цар тахал гараагүй байсан бол эл барилга аль 2020 онд ашиглалтад орох боломжтой байсныг энд тодотгох нь зүйн хэрэг. Учир нь, Х.Нямбаатарын гаргасан саналын дагуу улсын төсөвт хөрөнгө оруулалт суулгаж эхэлсэн огноо нь 2018 оноос эхтэй юм. 

Гэхдээ энэ асуудлын гол биш. Санал гаргасан уу гаргасан, дэмжлэг хүлээсэн үү, хүлээсэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд, залуучуудын театрын барилгыг шинээр барьсан уу, барилаа. Нэгэн цагт эл театртай ажил, амьдралаа холбож, Төрдөө ч хүртэл хүндлүүлсэн найруулагч И.Нямгаваа хүртэл өөрт хамааралгүй асуудал мэт хоноцын сэтгэхүйгээр хүйтэн хөндий хандаж ирсэн асуудал шийдлээ олсон нь мэдээж сайн хэрэг. Олох, олохдоо олон улсын стандартад нийцсэн 12,972 м2 талбай бүхий  гурван давхар, 850 хүний суудалтай үзэгчдийн танхим, орчин үеийн стандартад нийцсэн дуу авиа, гэрэлтүүлэг  механизм бүхий тайз болон дуу бичлэгийн студи, видео студитэйгээр үйл ажиллагаа явуулах нь. 

Үндсэндээ найруулагч И.Нямгаваагийн гараар ороод  “амь нь тасарсан” театрыг шинээр байгуулахад, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжихэд, урлаг, гоо зүйн боловсрол олгоход, үндэсний болон дэлхийн театрын урлагийг танин мэдүүлэхэд хөрөнгө хүч биш ердөө л сэтгэл дутсаар 20 гаруй жилийг үдсэнийг эндээс харж болохоор. Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн байна лээ, “Хүүхэд, залуучуудын театрын орчимд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ. 9.7 га газрыг чөлөөлөхөөр иргэдтэй гэрээлсэн. Театрын орчимд спорт цогцолбор, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан сургууль, ойролцоогоор 60 га орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийснээр “20 минутын хот” консептын эхлэлийг тавина” гэж. 

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн V хорооны нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөлт зөвхөн Хүүхэд, залуучуудын театрын шинэ барилгаар хязгаарлагдахгүй нь. Спорт цогцолбор, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан сургууль төдийгүй 60 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг нэмж байгуулах нь. Нэг үгээр Ерөнхий сайдын хэлээд байгаад “20 минутын хот” консептыг бодитоор хэрэгжүүлж харуулах эхлэл цэг нь Хүүхэд, залуучуудын театрыг тойрсон бүтээн байгуулалт байхыг хотын дарга Х.Нямбаатар ийнхүү зарлачихлаа. 

Г.Эрхэс