С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжлээ
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хуралдаан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, Ажлын хэсгээс бэлтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.” гэсэн 4.8 дахь хэсэг, 27 дугаар зүйлд “Дэд хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэсэн 27.12 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 28 дугаар зүйлд “Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэл хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ”, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй.” гэсэн 28.6, 28.11 дэх хэсэг, мөн төслийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Энэ журам нь Төрийн албаны тухай хуулийн 54.2, 55.2-т заасан журмаар зохицуулах харилцаанд хамаарахгүй.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Дараа нь УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишшүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, төслийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “115.2.18.хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг Төсвийн байнгын хороо жил бүр” гэсэн агуулгатай 115.2.18 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин Улсын Их Хурлын Б.Пүрэвдоржоос төслийн 9 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын гишүүн тойрогт ажиллаж иргэдийн гаргасан санал, хүсэлт, гомдлын талаар 4 минутаар 2-оос дээшгүй удаа нэгдсэн хуралдаанд үг хэлж болох ба Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэлээ бичиж ирүүлнэ.” гэсэн 9.18 дахь хэсэг нэмэх санал дэмжигдсэнгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 15 дугаар зүйлд “15.1.18.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг жил бүр.” гэсэн 15.1.18 дахь заалт, төслийн 33 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй.” гэсэн 33.3 дахь хэсэг тус тус нэмж, төслийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4, 15.5 дахь хэсгийг “15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан тайлан, илтгэл, мэдээллийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор мэдээллийн нэгдсэн сан болон Улсын Их Хурлын цахим хуудаст нийтэлж, байршуулна. 15.4.Энэ хуулийн 15.1-д заасан тайланд ажлын 10 өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна.15.5.Байнгын хороо энэ хуулийн 15.1-д заасан тайлан, илтгэл, мэдээллийг энэ хуулийн 15.4-т заасан дүн шинжилгээний хамт хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл шийдвэрийн төсөл боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулна.” гэж өөрчлөн найруулахаар боллоо.
Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.