С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-ийн Дэд захирал Сяо Вэнийг хүлээн авч уулзлаа.
Тус компанийн төлөөллүүд эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийнэ. Тодруулбал, тус компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй асуудлыг судлах юм.
Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Ахуйн хог хаягдлыг боловсруулах нь хотын менежмент болон байгаль орчныг хамгаалахад чухал үүрэгтэй. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой. Тиймээс Улаанбаатар хотын хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, ангилах байгууламж бий болгож, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ. Энэ чиглэлээр гадаад улсын сайн туршлагаас судлах, хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэдгийг онцоллоо.
Ташрамд, Улаанбаатар хотод төвлөрсөн гурван хогийн цэг бий. Тухайлбал, Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг юм. Тус төвлөрсөн хогийн цэг Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс дунджаар 2348 тонн хогийг хүлээн авдаг. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлж байна.