Алганд багтсан ТӨР #5: "Цахиурын хөндий" дэх Монголын өрөг

"Цахиурын хөндий". Технологи, программчлалын чиглэлийн инженерүүд ажиллахад хамгийн таатай орчин. 2000 оноос дэлхийн томоохон "Start-Up" болон технологийн төвөөр тодорсон энэ бүс нутагт жилдээ 600 тэрбум ам.доллар эргэлдүүлж, 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татдаг. Тэгэх нь ч аргагүй юм. Дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниудын төв оффис тэнд байршиж, технологийн хувьсал, дэвшлийн луужин болсоор удсан нь энэ хөндийн онцлог бас давуу тал нь. Саяхныг хүртэл “Цахиурын хөндий” гэдэг монголчууд, монгол инженерүүдийн хувьд хол сонсогддог байв. Гэвч цаг цагаараа байдаггүй ажээ.

Мэдээллийн технологийн эдийн засгийн 40 хувийг дангаар эзэлж буй “Цахиурын хөндий”-д өдгөө Монголын 350 орчим инженер залуус дэлхийн шилдэг компаниудад ажиллахын зэрэгцээ гарааны бизнес үүсгэж багаараа өрсөлдөж байна. Сонирхолтой нь, технологийн салбарын аварга компаниудыг төлөөлж “Цахиурын хөндий”-д ажиллаж ирсэн тэдгээр залуус эх орондоо хувь нэмрээ оруулахаар нэгдэж буйгаа зарласан нь энэ оны хоёрдугаар сар. 

Өөрөөр хэлбэл, Цахим хөгжил, харилцааны холбооны сайдын дэргэд “Цахиурын хөндий”-ын монгол инженерүүдээс бүрдсэн Зөвлөл байгуулж, цахим шилжилтэд оролцоотой явахаар болсон нь энэ. “Google”-ийн ахлах инженер Б.Баттулга, “SalesForce”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал М.Сувдмаа, Сан Францискогийн их сургуулийн Бизнесийн сургуулийн захирал Э.Отгонцэцэг, IT Инженер, доктор, судлаач Ш.Баатар, “Мета” буюу Фэйсбүүкийн систем хөгжүүлэгч залуус, “Оракл”, “Амазон”-ы монгол мэргэжилтнүүдээс энэ Зөвлөл бүрддэг. Үүгээр зогсохгүй “Teso Investment”, “Gund Investment”, “ICT Group JSC”, “ONDO”, “Fibo global”, “Intelmind”, “Gerege Systems”, “Mezorn” зэрэг нарын найман аж ахуй нэгж Монгол Улсын мэдээллийн технологийн салбараа төлөөлж “Цахиурын хөндий”-н экосистемд нэвтэрч, олон улсын зах зээлд гарах алхмаа хийгээд дөрвөн сарыг үдэж байна. Монголд, Монголын технологийн салбарт нэн шинэхэн түүх.

“Цахиурын хөндий”, Стэнфордын их сургуулийн дэргэдэх “Palo Alto”-д байрлалтай “Торгоны замын инновацийн төв” буюу төв азийн найман орны төлөөллийн хамтран байгуулсан “Silkroad Innovation Hub” Монгол Улсын цахим хөгжлийг тодорхойлохоор болсон нь энэ. Уг төвийн эхний зорилго нь технологийн болон Төв Азийн найман улсын гарааны бизнес эрхлэгчид хамт бойжиж, эхний жилдээ 30 сая ам.доллараас хөрөнгө оруулалт хүртэх боломжтой. Өнөөдөртөө 100 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалт ч ирэх долоон жилийн хугацаанд бүс нутгаасаа 5 “unicorn” буюу тус бүр тэрбум ам.долларын үнэлгээтэй технологийн компанийг төрүүлнэ. Ойролцоогоор гурван их наяд төгрөгийн үнэлгээтэй технологийн компанийг Монгол инженерүүд өөрсдөө бий болгоно гэсэн үг. Манайдаа л том амбийц, том боломж, том зорилт. 

Хэн сэтгэж, хэн бүтээж, хэн боломжийг бий болгож байгаа нь хождог, үнэлгээ нь үлэмж өсдөг нь өөрөө технологийн салбарын онцлог. Тийм болохоор л “Цахиурын хөндий” дэх 600 тэрбум ам.долларын эдийн засгийн эргэлт рүү орох гэж, түүнээс нь хүртэх гэсэн дэлхийн технологийн компаниудын өрөг дээр залуу инженерүүдийн нэгдлээр дамжуулан Монгол Улс албан ёсоор нүүж эхэлсэн гэсэн үг. Уул уурхайгаас хэт хамааралтай, нүүрс, зэсийн ханшаас эдийн засгийн үзүүлэлт нь савладаг Монгол Улс мэдээллийн технологийн аварга зах зээл рүү нэвтэрч, тэгш гараанаас гарцгаасан нь маргаангүй үсрэлт. 

Үндсэндээ хүн амын 65 хувь нь 35-аас доош насныхан эзэлдэг Монгол Улс, Монголын Төр залуус, инженерүүдийнхээ оюуныг дэлхийд гаргах гүүр нь “Цахиурын хөндий” болох нь. Монгол залуусын оюун ухаан, ур чадвар дэлхийд танигдаж, бас үнэлэгдэхийн хэрээр технологийн салбар дахь “Торгоны зам”-ын шинэ түүхийг бичих нь. 

Цахим төлбөр тооцооны гол тоглогчдын нэг “Visa” компанийн дэд ерөнхийлөгч Майкл Нунес, “Apple” корпорацийн олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Ник Аман нартай Н.Учрал сайдын хийсэн уулзалтаар “Apple pay”-ыг ирэх долдугаар сарын 1-ний дотор Монгол Улсад нэврүүлэхээр тохиролцсон нь удахгүй ажил хэрэг болж албажина. Хил дамнасан төлбөрийн үйлчилгээг илүү хурдан, хямд, ил тод, хүртээмжтэй болгохын хэрээр иргэд, аж ахуйн нэгжид өргөн хүрээтэй, үр өгөөжтэй. 

Ерөнхий сайдын хэлээд байгаа “Цахим үндэстэн” болох цаад зорилгын үндсэн нэг агуулга нь ч ийм. Н.Учрал сайд ч өөрөө хэлсэн байдаг юм, “Бид дангаараа мөс зүсэхээс илүү Төв Азийн бүс нутгийн экосистемийг түүчээлж, нөөц боломжоо нэгтгэж, улмаар дэлхийн тавцанд өрсөлдөх замыг товчилно” гэж. Харин түүнийг хэлж, яриад өнгөрөх биш хийж, хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгосны гол хэмжүүр “Цахиур хөндий”-д Монголын инженерүүд хэрхэн мөс зүсэхээс бүрэн хамаарах нь.

Г.Эрхэс