С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Монголд барьсан хамгийн урт гүүр боллоо
Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Энэ асуудлыг шийдэхээр Улаанбаатар хотын зүгээс шинээр авто зам, гүүр барих төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэгэн жишээ бол өнөөдөр ашиглалтад ороод буй Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрэн байгууламж юм. Өнөөдөр 14:00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээсэн тус авто зам, гүүрэн байгууламж дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ажилласан. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалт болон 2025 онд барих шинэ замуудын талаарх мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Яармагийн шинэ гүүр ашиглалтад орж байгаа нь Сонсголон болон Яармагийн хуучин гүүрний ачааллыг багасгаж, мөн Монголд барьсан хамгийн урт гүүр болж байна. Гэхдээ энэ ажил дөнгөж эхлэл. Ирэх онд Эрчим хүчний гудамжны хойд үзүүрээс эхлээд Хархорины хойгуур гарах гүүрэн байгууламжийг барина. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбоно. 2025 онд нийслэлчүүд анх удаа хот дотроо хурдны зам барих бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Баянзүрхийн товчооноос Дарханы хурдны зам хүртэл Туул голын хойд эргийг дагасан 6 эгнээ 33 км Туулын хурдны замыг байгуулах зураг төсөл гарсан. НИТХ-аар энэ арванхоёрдугаар сард төсвийг батлахаар бэлтгэл хангаж байна. Эдгээр ажлыг яаравчлан эхлүүлэхийг бид зорьж байна. Бүтээн байгуулалтын ажил хийхэд тулгамдсан олон асуудлыг даван туулж, шийдэж байж цаашид түгжрэлгүй болно. Өнөөдөр дугаарын хязгаарлалт хийх, хөдөлгөөний зохицуулалт хийх зэрэг түр зуурын аргацаасан зохицуулалт хийснээрээ авто замын түгжрэлийг шийдэж чадахгүй. Захиргааны болон хууль, эрхзүйн шийдвэрүүд гаргаж, авто замын хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны зам болон метро, тусгай замын автобус BRT зэрэг масс тээврийн хэрэгслүүдийг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бид төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна” гэдгийг хэллээ.
Авто замын түгжрэлийг бууруулсан орнуудын туршлагаас харахад хот дотроо хоёрдугаар түвшний буюу тойрог хурдны замыг барьсан байдаг. Тиймээс 2025 онд Улаанбаатар хот анх удаа хоёрдугаар түвшний замын ажлыг эхлүүлнэ. Үүнээс өрсөж одоогийн нэгдүгээр түвшний бүх замыг 2025 оны зургаадугаар сарын 1-нд шинэчилж дуусахаар төлөвлөсөн. Мөн дээр дурдсан Туулын хурдны зам дээр холбогдох хагас саран хэлбэрийн тойрог хурдны замын зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна.