НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ирэх даваа гарагт “10-р хороолол” орчмын айл өрхүүдийг халуун ус, дулаанаар хангана
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг. Эдгээр шугам сүлжээний ихэнх 30-60 жилийн насжилттай. Тиймээс шугам сүлжээг өргөтгөн засварлаж, шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугамын өргөтгөл өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Иймд, ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 30-нд “10 дугаар хороолол” орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ.
Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга С.Цэдэнсодномоос тодрууллаа. Тэрбээр “Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шугам анх 1983 онд буюу одоогоос 41 жилийн өмнө ашиглалтад орж, түүнээс хойш шинэчлэл хийгээгүй. Эрсдэл ихтэй шугам байсан. Өргөтгөх ажлын хүрээнд 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар шинэчиллээ. Өнөөдрийн байдлаар эхлэл цэгээсээ нөхөн сэргээлтийг хийж, НЗХГ-тай хамтран авто зам, зогсоолын ажлуудыг хийж байна. Авто зам, зогсоол барьснаар ажил бүрэн дуусна. Гол ажлууд дууссан учраас “10 дугаар хороолол” орчмын айл өрхүүдийн ус, дулааны шахалтыг хийж эхэлсэн. Амралтын өдрүүдээр шахалтыг дүүргэснээр есдүгээр сарын 30-нд тухайн байршил орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгнө” гэдгийг хэллээ.
Дулааны IV цахилгаан станцын гол магистраль шугам болох 11гд шугам нь хотын дулаан хангамжийн 30 хувийг дангаар хангадаг. 41 жилийн хугацаанд их засвар, шинэчлэлд ороогүй учраас элэгдэл, хорогдол ихээхэн үүссэн, зайлшгүй өргөтгөн шинэчлэх шугам байсан юм.
11гд магистралийг өргөтгөснөөр дараах үр дүн гарна.
Дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэнэ.
Шинээр 52 Гкал/ц-ийн дулааны хэрэглээ бүхий 12 давхар, 1 орцтой, 80 орчим орон сууцны барилга, 6200 гаруй айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид нэмж холбох техникийн боломж бүрдэнэ.
Хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирна.
Дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурч, хотын сүлжээний горим, найдвартай ажиллагаа дээшилнэ.