АНУ-ын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан АНУ-ын Юта мужийн Сенатын Ерөнхийлөгч Стюарт Адамс тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дипломат харилцаа тогтоосон 37 жилийн хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, бүс нутаг болон олон улсын энх тайвны төлөөх тууштай байдал зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Хууль тогтоох дээд байгууллага, парламентын гишүүд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал гүүр бөгөөд манай хоёр улсын харилцаанд ч парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Цаашид Монгол Улсын Их Хурал болон АНУ-ын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, парламентын гишүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана гэлээ.

Юта мужийн Сенатын Ерөнхийлөгч Стюарт Адамс Монгол, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд бүх талын харилцаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаа бөгөөд Юта мужийн зүгээс эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов.