У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Гэр рүүгээ яваад төөрсөн таван настай хүүг эсэн мэнд олжээ
Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газраас тус сумын харьяат малчин А нь тав болон дөрвөн настай хоёр хүүг 28-ны өдөр гэрлүүгээ явуулахад хүүхдүүд замдаа төөрчээ. ”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна. Харин таван настай хүү "У" нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг тус өдрийн 21:38 цагт холбогдох албаны хүмүүс хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, хүүхдийн ар гэрийн нийт 23 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Алга болсон таван настай хүүг долоодугаар сарын 29-ний өдөр 11:50 цагт гэрээс нь зүүн хойд зүгт зургаан километрт тус багийн “Баян-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж, ээжид нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.