ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна.

Тодруулбал, нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн  төсвөөс, нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж санхүүжилтийн эх үссвэрийг шийдвэрлэсэн юм. Уг төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулан эхлүүлсэн юм. 2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл хэрэгжиж байна.

Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшуулах өндөр ач холбогдолтой юм.