С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
О.Номинчимэг: С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг сенсаацлах шаардлагагүй
УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.
-ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛСОН БОЛ ХОХИРЛОО НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЁТОЙ-
-Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял ногдуулсан ч эрүүдэн шүүгдсэн гэх асуудлаар батлан даалтад гараад байгаа нэр бүхий иргэний эрхийг сэргээж, хохирол барагдуулах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, ахлагчаар нь Таныг томилсон. Шууд асуухад өмнөх парламентын үед байгуулж байсан Ажлын хэсгүүдээс яг юугаараа ялгаатай юм. Ямар үр дүн гарна гэж үзэж байгаа юм?
-Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хороо гэж бий. Олон улсад хүний эрх зөрчигдсөн асуудлаар ажилладаг, тэнд нь хүний эрхийн тусгай мэргэжилтнүүд ажилладаг. Анх 2014 онд Монгол Улс С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулж энэ хороонд хүсэлт гаргасан юм билээ. Түүнээс хойш Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Олон улсын парламентын холбоо хооронд энэ асуудлаар хамтарч ажиллаж ирсэн. Зөвлөмж, зөвлөгөө авахаас эхлээд тухайн холбооны эксперт, тусгай хяналт шалгалтын төлөөлөл Монголд ирж ажилласан. Энэ хэргийн шийдвэрлэлт ямар шатанд явааг хурал болгоноороо тайлагнадаг.
Аравдугаар сард болох нэгдсэн хуралд анхаарал хандуулахыг хүсэж саяхан тус холбооноос холбогдсон. Уг нь 2020 онд яг энэ асуудлаар Монгол Улс маш идэвхтэй ажилласан байдаг. Улмаар 2021 онд хэрэгт холбогдсон хоёр хүнийг хилсээр эрүүдэн шүүж, хэрэгт буруутгасан байна гэдэг мэдээллийг авсан. Тиймээс энэ иргэдийн асуудал юу болж байна, үндсэн хэрэг нь ямар шатанд яваа талаарх мэдээллийг биднээс хүссэн. Холбогдох мэдээллийг тайлагнаж явах ёстой учраас УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан.
-Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллах урьдчилсан мэдээлэл бий?
-Мэдээж ажлын хэсэгт Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл багтсан. УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өгсөн мэдээллээр эрүүдэн шүүгдсэн, үүнд хохирсон иргэдтэй холбоотой кэйс маш тулгамдсан асуудал болсон юм билээ. Хууль, эрх зүйн хувьд ялгаагүй. Өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс удааширдаг. Эсвэл хохирлын хэмжээ маш бага байдаг. Үүний нэг жишээ нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг байна гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос Дэд хороонд ирүүлсэн тайландаа дурдсан байдаг.
Тэгэхээр хууль, эрх зүйн орчиндоо байна уу, журам хоорондын зөрчилдөөнтэй асуудалд байна уу, яагаад энэ хэрэг шүүхийн шатандаа шийдэгдэж чадахгүй байна гэдгийг УИХ-ын гишүүдийн хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд Ажлын хэсгээс үйл ажиллагаатай нь танилцаж, сайжруулах механизмыг эрэлхийлнэ. Мэдээж эрх нь зөрчигдсөн хүмүүсийн хохирлыг нөхөн төлүүлэх ажил хаанаа гацаад байгаад анхаарна.
Түүнээс С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн үндсэн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа байх. Харин бидний хувьд хүний эрхийг хангах тогтолцооны чиглэлээр юунд анхаарах, тухайн хоёр хүний эрхийг сэргээх тал руу нь ажиллана.
-Эрхийг нь сэргээнэ гэдгийг тодруулахгүй юу. Уг нь энэ хэрэг аль 2016 оноос гурван шатны шүүхээр ороод шийдвэрлэгдсэн асуудал шүү дээ. Одоо үүссэн асуудал нь зөвхөн эрүүдэн шүүсэн гэдэгт хамаарч байгаа юм байна гэж ойлголоо?
-Эрүүдэн шүүсэн асуудал нь мөн адил гурван шатны шүүхээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хохирогчид. Түүнийг үйлдсэн хүмүүс нь шүүхээс ял авсан шүү дээ. Нэгэнт гэмт хэргийн хохирогч болсон учраас хохирлоо нөхөн төлүүлэх нь зүйн хэрэг. Харин тэр нь яагаад гацаанд орсны зангилааг олох нь манай Ажлын хэсгийн үндсэн зорилго.
-Энэ хэрэг өөрөө маш адармаатай, бас асуудалтай шинэ тутамд улстөржүүлэх гээд байдаг талтай. Танай Ажлын хэсэг ч ийм сорилт дундуур явж таарах нь?
-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хуульчид багтсан. Нэмээд Хүний эрхийн үндэсний комисстой хамтарна. Хуулийн хүрээнд юу нь болохгүй байгааг тодорхой болгож, иргэдэд зөв ойлголт өгөхгүй бол байнга улстөржүүлж ярьсаар, яг аль нь үнэн зөв юм гэдэгт маш их эргэлзээ үүссэн. Ийм нөхцөлд янз бүрийн байдлаар мушгиж болдог учраас анхаарч ажиллая. Нийгэмд байгаа талцлыг нэг тийш шийдвэрлэж, асуудлын учгийг тодорхой болгох нь чухал.
-Сонгууль болгоны өмнө эл хэрэгтэй холбоотой асуудлыг зориуд сөхдөг, сэвдэг, нийгмийн анхаарлын төвд оруулдаг нь манай улс төрд бараг уламжлал болчихлоо. Өнгөрсөн сонгуулиар ч энэ байдал давтагдсан. Бүр нийтээрээ талцах шиг боллоо. Хуульч хүний хувьд асуухад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгасан шүүхийн тогтоол бол гараагүй биз дээ?
-Ажлын хэсэг эхлээд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудлаарх материалуудыг цуглуулж танилцана. Гэхдээ цагаатгах ажил маань өөрөө үндсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай уялдаа холбоотой. Цагаатгах, цагаатгахгүйгээс үл хамааран Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон бол хохирол нэхэмжлэх эрх зүйн орчинтой. Энэ дагуу нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээгээд авчихсан. Одоо болохоор нотлох баримтын хүрээнд асуудал гацсан тухай мэдээллийг ХЭҮК-оос бидэнд өгсөн. Тус комиссоос ч энэ хүний гомдлоор эрхийг нь хамгаалах талаас ажиллагаа хийгээд эхэлсэн. Хууль, эрх зүйн хүрээнд нэгэнт эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон бол хохирлоо нөхөн төлүүлэх асуудал яригдана.
-Нийгмийн хүлээж авах байдал нь ч нэг тийм итгэл алдарсан байдалтай болсон...?
-Ажлын хэсгийг хуульчид бүрдүүлж байгаа болохоор хуулийн хүрээндээ л ажиллана. Хууль, эрх зүйн орчин, нотолгоо нь юу юм гэдгийг илүү бодитой гаргаж ирнэ. Үр дүн гаргах нь чухал болохоос сенсаацлах шаардлагагүй. Хангалттай сенсаацалж ирсэн сэдэв.
-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэчнээн гишүүн багтсан вэ?
-Миний бие болон П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Батбаатар нарын гишүүд болон Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл багтсан.
-Прокурор, тагнуул, цагдаагийн байгууллагаас оруулаагүй юм байна?
-УИХ-ын харьяаны байгууллага биш тусдаа чиг үүрэгтэй субъектууд. Харин тэдний үйл ажиллагаа ямар байгаа вэ гэдэгтэй УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд Ажлын хэсэг танилцана. Эрхийг нь сэргээх асуудлаар үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага тэд.
-ТӨРД АЖИЛЛАХ САНАЛЫГ ТУХАЙН ҮЕИЙН УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТАВЬСАН-
-Энэ сэдвийг энд хүрээд дуусгая. Таны хувьд улс төрд орсон цаг хугацаа хожуу 2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар ажилласан үетэй холбогддог. Тухайн албанд ажиллах саналыг анх хэн тавьж байсан юм бол?
-Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2001 онд элссэн. Жил хагас хэртээ сурч байгаад Засгийн газар хоорондын тэтгэлэгт тэнцэж, Японд суралцсан. Эхний жил нь хэлний бэлтгэлд сураад Токиогийн их сургуульд дөрвөн жил бакалаврын зэрэг эзэмшсэн. Энэ үедээ сайн суралцсан болохоор тэтгэлэг маань сунгагдах боломжтой байсныг ашиглаад дахиад хоёр жил магистрт суралцсан. Долоон жилийн хугацаанд Японд суралцаад эх орондоо ирсэн нь 2010 он.
УИХ-ын Тамгын газарт ажиллах саналыг анх Г.Занданшатар дарга тавьж байсан юм.
-Мэдээж шалтгаантай байсан байх?
-Би өөрөө судалгаа хийдэг, хуулийн фирм ажиллуулдаг, хажуугаар нь их сургуульд багшилдаг байлаа. Тэр үед УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд удаагүй байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд олон хуулийн шинэтгэл явах ёстой учраас УИХ-ын Тамгын газарт сайн хуульчид хэрэгтэй байна. Орж ажиллаач ээ гэж Г.Занданшатар дарга санал тавьсан.
Би өөрөө хуулийг хэрэглэдэг хүн байсан юм. Засгийн газарт ч, гаднын хөрөнгө оруулагч, хувь хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байлаа. Манай хууль уялдаа холбоо муу учраас хуульчийн өнцгөөс зөвлөгөө өгнө. Эсвэл хуулийг баталж гаргахдаа хэрэгжүүлэлт талаасаа учир дутагдалтай байсан. Тиймээс тэр бүгдийг засах завшаан гэж харсан. Өөрийгөө ч сориод үзье гэж бодсон юм.
-Улс төрийн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн төлөөний хүнийг Тамгын газрынхаа Тэргүүн дэд даргаар томиллоо гэсэн яриа явсан ч бодит байдал нь тэс өөр байж?
-Улс төрөөс хол, гаднаас нь харж байгаад орж ирсэн хүний хувьд хэлэхэд “Тэрний, энэний хүн” гэдэг хандлага хүчтэй явдаг юм билээ. Гэхдээ одоо бас ч гэж шинэ үе ирж байна. Шинэ парламентад олон мэргэжилтэн, залуучууд орж ирлээ. Тэр, энэний хүн гэхээсээ аливаад илүү мэргэжлийн хандах, голч шугамтай байх болов уу гэж харж байна. Тэдний нэг нь би.
-Дараа нь Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад нийслэлийн Засаг даргын орлогчоор очсон...?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд. Өдийг хүртэл амьдарч, ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхэд асуудал нь хаанаа байсныг ерөөсөө бодож байгаагүй юм билээ. Ямар ч байсан хотод очсоноор хуулийг хэрэгжүүлдэг хүн болсон. Хуулийг эхлээд хэрэглэдэг байсан бол УИХ-ын Тамгын газарт ажилласнаар бичдэг болсон. Харин хот дээр очсоноор түүнийгээ хэрэгжүүлдэг болсон хэрэг. Олон ч юмыг ойлгосон. Хийх ажил их. Гэхдээ нэг, нэгээр нь хурдан хугацаанд шийдэх боломжтой гэдгийг олж харсан. Хууль, эрх зүйг нь өөрчилж, удаан хугацаанд хэрэгжүүлж байж шийдвэрлэх асуудал нь юу байгааг ангилах хэрэгтэй болсон.
Х.Нямбаатар даргыг нийслэлд очиход иргэдийн дунд маш том хүлээлт үүссэн. Хуулийн сайд байхдаа идэвхтэй байсан хүн хотод ирээд юу хийх вэ гэсэн өнцгөөс харцгаасан. Түгжрэл, агаарын бохирдлыг хэдхэн сарын дотор шийдэхгүй нь тодорхой. Олон талын арга хэмжээ авч байж олон жилийн дараа үр дүн нь гарна. Тиймээс тухайлсан бодлого гаргаж, хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар зорьсон. Нийслэлийн өмчөөс эхлээд Төв цэнгэлдэх хүрээлэн зэргээр асуудлыг ухаад үзвэл маш ойлгомжтой, улаан цайм байсан учраас шууд шийдэгдсэн.
Жишээ нь, хүүхдийн тоглоомын талбай. Нийслэлд хамт ажиллаж байсан залуу нэг удаа хэлсэн юм. Хан-Уул дүүрэгт амьдардаг найзындаа хүүхдээ дагуулаад өвөл очсон юм билээ. Тэгсэн тоглоомын талбайг нь хараад уйлах шахсан. Өдөр бүр тэнд тоглуулах юмсан гэсэн бодол төрсөн гэж. Би ч бодсон л доо. Нийслэлийн хэмжээнд байгаа тоглоомын талбайн стандартууд тэс ондоо яваад байна. Тиймээс хавраас албан ёсоор засч, сайжруулах ажлыг эхлүүлэхээр чиглэлүүдээ гаргаад явсан. Үнэнийг хэлэхэд хавар болоход өмнө нь өгсөн чиглэлүүдээ шалгахад дорвитой юм хийгдээгүй байсан.
-Асуудал юундаа байв?
-Хэн хариуцах эзэн нь тодорхойгүй. Хороо, дүүргээс хариуцдаг асуудалд Засаг дарга нар нь хэр сэтгэлтэй ханддаг нь мэдрэгдсэн. Иргэд, эцэг, эхчүүд өөрсдөө үүнд анхаарал хандуулдаг болоосой гэдэг үүднээс өөрөө явсан даа. Уг нь энэ ажлаа үргэлжлүүлмээр байсан. Тиймээс парламентын гишүүний хувиар хуулийн төсөл оруулна. Байшин хороололд байгаа хүүхдийн тоглоомын талбайг яг хэн хариуцах юм гэдгийг Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд оруулна. Аюулгүй байдал алдагдвал хэн хариуцлага хүлээх юм гэдгийг тодорхой болгоно.
-Буух эзэн, буцах хаягийг нь тодорхой болгох юм байна?
-Яг тийм. Тэгж байж анхаардаг болно. Тэгэхгүйгээр СӨХ, газрын эзэн, хороо, дүүрэг, барилгын компани гээд хэн нь хариуцаж байгаа нь тодорхойгүй дундаа хаягдсан байдалтай яваа. Үр дүнд нь тэнд тоглож байгаа хүүхдүүдийн аюулгүй байдал эрсдэлд орж байна. Үүнийг Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд нэмж бичнэ. Хариуцлагыг тодорхой болгоно.
-НИЙСЛЭЛД АЖИЛЛАСАН ЦАГ ХУГАЦАА НАДАД МАШ ТОМ ТУРШЛАГА БОЛСОН-
-Хотын удирдлагад хуульчдын баг очсон нь нэг талаараа давуу тал, нөгөө талаар асуудлын гаргалгааг гаргахад дөхөм болсон байж мэднэ?
-Хотын дарга Х.Нямбаатар өөрөө хуульч болохоор асуудал, гацаа хаана байгааг энэ өнцгөөс нь харж чаддаг. Улстөрчийн хувьд өөрийн гэсэн капитал, харизмтай. Нийслэлийн ажлыг ч сайн мэддэг. Дээд, дунд, доод шатандаа яаж ажиллаж байгааг гадарлана. Дээрээс нь хотын удирдлагын багт орсон хүмүүс хууль бичих, боловсруулах шатанд мэргэшсэн байсан. Миний хувьд ч мөн адил.
Аливаа юмны логик гаргалгаа, нотлох баримт нь юу байгаад анализ хийж сурсан нь хуульч хүний давуу тал. Төв цэнгэлдэхийн асуудлаар гэхэд хууль, эрх зүйн хувьд “Үгүй” гэж хэлж чадахааргүй гарц гаргалгаанууд байсан. Тэрийг нь гаргаад тавьчихаар эсэргүүцэх ямар ч боломжгүй болж байгаа юм.
-Хууль боловсрлуулах процесст ажиллаж байгаад гэнэт аж ахуйн асуудалтай нүүр тулахад ямар санагдаж байв?
-Нийслэлийн удирдлагын багт очоод удаагүй цас орсон. Зам харгуй, тоног төхөөрөмж зэргээр шууд аж ахуйн ажил руу орж байгаа юм. Цаасан дээр юм бичиж, бодоод, нээх сайхан яриад юмнууд яг хэрэгжилт дээрээ тулахаар аж ахуйн асуудалд зангидагдана. Үүнийг сайн харж байх ёстой юм билээ. Тэгэхээр нийслэлд ажилласан цаг хугацаа надад маш том туршлага болсон. Их ч юм сурсан.
Цас цэвэрлэдэг тоног төхөөрөмж олон төрөл байдгийг, аль нь Улаанбаатарт тохирохыг хууль боловсруулдаг хүн бодоод явахгүй. Иргэний хувьд ч бодохгүй. Тэнд очиж зовлон, жаргалыг харж, гар бие оролцож байж ойлгодог юм билээ.
-Одоо бол УИХ-ын гишүүний хувиар нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн шинэтгэл талаас нь дэмжлэг үзүүлэх, хууль санаачилж, батлуулах эрх нь Танд нээлттэй болсон?
-Монгол Улсын иргэдийн тал хувь нь амьдарч байгаа энэ орчинг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулна. Бугширсан асуудал маш олон байгаа. Агаарын бохирдлоос авхуулаад түгжрэлийн асуудал байна. Тэгэхээр өмнө нь бодож, төлөвлөж байсан зүйлдээ анхаарна. Тэрийгээ хэрэгжүүлнэ. Төрийн оролцоог аль болох багасгаж хувийн хэвшлийг дэмжих чиглэлд голчилж ажиллана. Эргээд эдийн засгаа тэлж, авлигыг бууруулахад чухал түлцэх болно. Эх хүн, эмэгтэй хүн, ер нь хүн болгоны хувьд ирээдүй хойч үе чухал.
Залуучууд, ялангуяа өсвөр үеийнхний асуудал байна. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч, бойжиход юунд нь анхаарах юм гэдэгт төлөвлөсөн зүйлс бий. Тоглоомын талбай, СӨХ, цахим орчин дахь аюулгүй байдлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой. Мэргэжлийнхээ хүрээнд хүний эрхтэй холбоотой зөрчлийг халахад түлхүү ажиллана.
-ЭНЭ АЖЛЫН АРД ГАРНА-
-Шинээр сонгогдсон, ялангуяа залуу гишүүдийн зүгээс бизнесийн орчин дахь Төрийн оролцоог багасгах тухай дуу хоолойгоо хүргэж эхэлсэн нь мэдээж сайны дохио. Төр өөрөө бизнес эрхлэх бус хувийн хэвшлээ дэмжсэн бодлого түлхүү явуулж байж эдийн засагт эерэг үзүүлэлтүүдийг авчирна. Гэвч яг ажил хэрэг болгох шатандаа урагшилдаггүй. Эсрэгээрээ Төр улам данхайж ирсэн нь бодит үнэн. Ер нь Төрийн оролцоотой компаниуд нь хувийн хэвшлийнхээ орон зайд тоглолт хийдэг, ашиг олдог хандлагаас энэ удаад салж чадах болов уу?
-Чадна гэж бодож байна. Чадах ч боломжтой. 126 гишүүнтэй болсны давуу тал нь ч энэ. Илүү мэргэжлийн байр сууриас хандаж байна. Эхний ээлжид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлах шаардлагатай. Ямар үед Төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулж, үйлчилгээ үзүүлэх юм. Ямар үед хувийн хэвшилд өгөх ёстой юм гэдэг зарчмаа гаргавал олон зүйлийг шийднэ. Эрх зүйн салбарын олон хуулиуд мөн орж ирэх ёстой.
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 54 Ажлын хэсгийн хоёрыг нь би ахалж байна. Нэг нь эрүүдэн шүүсэн гэх асуудал, нөгөөх нь утаат болон электрон тамхины зохицуулалт. Лобби бүлгүүдийн хооронд олон жил гацсан асуудал. Оруулж ирж худалдаалдаг хэсэгт л ашигтай. Яагаад гэхээр татварын орчин, зохицуулалт байхгүй. Нийслэлд байхдаа л энэ асуудлаар ярьж, дуугарч байсан даа. Тиймээс энэ ажлын ард гарна.
Хоёрдугаарт, Иргэний хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаад санал, дүгнэлт гаргах томоохон Ажлын хэсэг гарсан. Үүнээс олон юм шийдэгдэх болов уу гэж харж байна. ТББ буюу Холбоо, сангийн хуулийг ярихаар бөөн юм болоод гацдаг. Гол учир нь Иргэний хуульд хуулийн этгээдийн ангиллыг зөв хуульчилж, ангилж чадаагүйтэй холбоотой. Мөн дуусгаагүй барилга байгууламжийг барьцаалах асуудал зэргээр суурь хуулиудыг хийж өгөхөөр дараагийн эрх зүйн шинэчлэл явахад дөхөм болно.
-Холбоо, сангийн хуулийг УИХ-аар хэлэлцүүлье гэхээр томоохон эрх ашиг хөндөгддөг, тэр тусмаа парламентын гишүүдийн зүгээс бойкот хийдэг тухай хотын дарга Х.Нямбаатар сайд байхдаа нэг бус удаа хэлж байсан санагдаж байна. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Холбоо, сангийн тухай хуулийг шинэчилж чадах уу? Уг нь аль 2017 оноос ярьж эхэлсэн хууль?
-ТББ-уудыг чадавхижуулж, сайн зохицуулалттай болгох хэрэгцээ байгаа юу гэвэл байгаа. Учир нь, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь нэлээд хуучирсан. Өнөөгийн нөхцөл байдлынхаа хэрэгцээ, шаардлагыг хангахаа больсон. Хуулийн этгээдийн ангилал нь өөрөө Иргэний хуульд анхнаасаа буруу тусгагдсан. Ашгийн төлөө болон ашгийн бус гэж ялгах байдлаар хийсэн. Зүй нь хуулийн этгээдийн хэлбэр нь чөлөөтэй ч татварын бодлогоор зохицуулдаг. Компани байгуулсан ч ашгийн бус байдлаар үйл ажиллагаа явуулах боломж нь нээлтэй байх гэдэг ч юм уу. Тэрхүү суурийг нь гаргаж өгч байж нарийвчилсан зохицуулалт руу орвол цэгцтэй явна гэж хувьдаа боддог. Мэдээж ТББ-уудтай холбоотой асуудал олон.
-Тайлан өгдөггүй, санхүүжилт нь тодорхойгүй зэргээр тоочвол мундахгүй...
-Гадна, дотнын янз бүрийн санхүүжилт орж ирдэг л гэдэг юм. Тэр бүгдийг зохицуулах шаардлага бол үүссэн. Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хуулийг амжилттай хэрэгжүүлэх суурь нь судалгаа сайн байх ёстой. Олон нийтэд ойлгуулж чадах ёстой.
-ФАТФ-аас Монгол Улсад хүргүүлсэн албан бичигт Холбоо, сангийн хуулиа батлах зөвлөмжийг оруулсан байдаг. Нөгөө талаар Иргэний хуульд шинэтгэл хийж зайлшгүй шаардлага үүссэн гэж ойлголоо?
-Иргэний хууль суурь хууль учраас ойрхон өөрчлөх шаардлагагүй. Суурь юм бол суурь юм. Францын Иргэний хууль гэхэд аль Напелон Бонапартын үед хийсэн хууль. Напелоны хууль гэж нэрлэгддэг. Японых адилхан 1800-гаад оны үед хийсэн. Суурь хууль нь байгаад хэрэгцээ, шаардлага гарвал нэмэлт, өөрчлөлт явдаг. Одоо бол хаана нь нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага байгааг гаргаж ирэх юм. Хуулийн этгээдийн ангилал, гэр бүл, өв залгамжлал, барьцаа зэргээр. Зөвхөн газрын асуудалд эзэмших, ашиглах, өмчлөл гэсэн гурван категори яриад байдаг. Энэ бол сууриараа буруу. Энэ болгоныг суурь Иргэний хуульдаа гаргаж өгөөд өмчийн харилцаагаа илүү тодорхой болгоно.
-2025 оны Төсвийн төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Эндээс хамгийн анхаарал татаж байгаа нь ирэх гурван жилд нийслэлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ. 30 их наядын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгийг Ерөнхий сайдын зүгээс мэдэгдсэн?
-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан бүтээн байгуулалтын хугацаа Монгол Улсад хомс. Хийх ёстой олон зүйл бий. Тэр болгоныг макро эдийн засгийн үзүүлэлтээ харж байж хийх хэрэгтэй. Зайлшгүй хийх ёстой тойрог болон хурдны зам барьж хүртээмжээ ихэсгэх ёстой. Метроны төсөл эхэллээ. Гэр хорооллыг орон сууцжуулж байж агаарын бохирдолтой тэмцэнэ. Эдийн засаг талаасаа макро түвшнөө харж байж эрэмбэ дараатай явах ёстой.
Нийтийн дэд бүтэц буцааж ашиг өгөх нь бага. Гол ашиг олдог экспортын бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд ямар үнэ өртөгтэй байна, тэндээс орж ирэх орлогыг нийтийн дэд бүтцэд зарцуулж, тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ирэх жилүүдэд геополитикийн нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг соргогоор харж байж бүтээн байгуулалтын эрэмбэ дараагаа гаргах болов уу.
-Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор стратегийн орд газрын тодорхой хувийг Төрд буцаан авч, ашгийг нь “Хуримтлалын сан”-д төвлөрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан нь нийгэмд маргаан дагуулж эхэллээ. Дэмжих хэсэг ч байна, шүүмжлэх зарим нь ч байна. Хувийн хэвшил нь хөрөнгө оруулж ирсэн төслийг Төр дээрэмдэх нь гэж хардах бусад нь ч бий?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн эсэхээс хамаарч байгаа байх. Олон улсын арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хамгаалах асуудлаар явж байсан хуульчийн хувьд манай нөхцөл байдал онцлог. Хэдийгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг авчихлаа гэдэг ч суурь баялаг үндэс нь хаанаас гарсан юм. Тусгай зөвшөөрөлд өмчийн эрх өгч байна уу гэдэг нь хамгийн том асуулт болдог. А зөвшөөрлийг өгснөөр үнэхээр Таны өмч болчихож байна уу зэргээр... Үндсэн хуульдаа нэг зарчим суулгаад өгчихсөн.
Анхнаасаа 1990-ээд оны өмч хувьчлал, улсын төсвөөр хайгуул хийсэн орд газрууд цөөхөн хэсгийн гарт очсон байх магадлалтай. Бүх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гэхээсээ стратегийн ордууд орсон байх, тийм үү. Геологийн хайгуулыг нь улсын төсвөөр хийсэн стратегийн ордуудыг тусгай зөвшөөрөл гэж аваад л өмчилсөн асуудал гарсан. Тэгэхээр тийм ч буруу юм биш. Олон улсын жишгээрээ ч Төрийн бодлогыг гаргах ёстой. Баялгийн хуваарилалтыг иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өмнөх парламентын үед баталсан гэж хардаг. Монгол Улсын нөхцөл байдлыг маш сайн ойлгох хэрэгтэй.
-Ингэхэд Та хэдэн онд намд элссэн юм?
-2020 онд элссэн. Нам гэхээсээ мэргэжлийн ажлаа түлхүү хийж ирсэн.
-Намд элсэх шийдвэрээ өөрөө гаргасан уу?
-2010 онд эх орондоо ирээд 2012 онд нь УИХ-ын сонгуулиар анх саналаа өгсөн. Тэгэхэд өөрчлөлт, шинэчлэлт, улс орны нөхцөл байдлыг харж байгаад АН-д саналаа өгч байсан юм. “Хоган Ловеллс” гээд олон улсын хуулийн фирмд хөрөнгө оруулалт, дэд бүтцийн томоохон төсөлд ахлах хуульчаар ажилладаг байлаа. Гэвч АН-ын Засгийн газар гарсны дараа миний урам үнэхээр хугарсан.
-Яагаад?
-Засгийн газар, бүтээн байгуулалт, хувийн хэвшлийн түвшинд яригдаж байсан бүх асуудал зогссон. Хөрөнгө оруулагчид ч үгээ барж дууссан. Засгийн газар, Сангийн яамтай хамтарч ажиллаж байсан Японы Төрийн өмчийн банкуудын төлөөлөл Монголд ирээд бодлогын ийм залгамж халаа гэж байхгүй Засгийн газрыг хараад харамсаж буйгаа илэрхийлж байсан. Хуульч хүний нүдээр харахад ч Засгийн газрыг удирдах бодлого, шийдвэрийг хараад нэгдүгээрт, АН Төр барихад хүний нөөц үнэхээр бага юм байна. Холч хараатай ажиллаж чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс хойш АН-д санал өгөхгүй гэж шийдсэн. Японд долоон жил болсон хүний хувьд зүүн төвийн буюу хүн рүүгээ, эрүүл мэнд, боловсрол руу чиглэсэн үзэл баримтлалыг сонгож, элссэн.
Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл