Багш нарыг ипотекийн 3 хувийн зээлд хамруулах талаар анхаарахыг хүсэв

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлснээр үргэлжиллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүсчилсэн хөгжлийн татварын ялгаатай бодлогыг оновчтой тогтоох болон Монголбанк мөнгөний бодлогыг улстөржилгүй анхаарч ажиллах талаар саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, гадаадын хөрөнгө оруулалтай банкны салбарыг оруулж ирэх нь макро эдийн засагт эерэг нөлөөтэй тул энэ асуудалд анхаарч ажиллахыг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авсан банкуудаас буцаан төвлөрүүлэх талаар ажиллах санал хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөлийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан зургаан сар тутамд бус ойр ойрхон хуралдуулах шаардлагатай байна гэв. Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар, Төв банкны хараат бус, ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах орон зай байна. Төв банкны тухай хууль болон санхүүгийн салбарын хуулиудад дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гаргах саналыг дэмжиж байна. Гадаад орнуудын банкуудын сайн туршлагыг судалж, Төв банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай санал хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, зорилтот бүлэгт чиглэсэн хүү багатай зээл гаргах, улмаар багш нарыг ипотекийн 3 хувийн зээлд хамруулах талаар анхаарч ажиллахыг хүслээ.

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

 

Д