Хашаандаа цогцлоосон "Баянбүрд"

Хүн хүсвэл, хичээвэл хаана ч сайхан амьдарч болно. Хот, хөдөө, хилийн дээс алхаад гаднын оронд ч хөдөлмөрийнхөө үр шимээр өнгө нэмж, амьдарч буй орчноо өөрөө тордож, тохижуулж болно. Үг үйлдлээрээ бусдадаа үлгэр жишээ болсон эгэл жирийн ээжийн хашаандаа хийсэн хайр татам байгууламжийн талаар уншигч та бүхэнд хүргэе.

Э.Тамжидмолом Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хань, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хань Б.Билгүүн “Энержи ресурс” компанид нярав. Тэрбээр гурван хүүхэдтэй залуухан, завгүй эзэгтэй. Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэд өссөн учир хашаандаа тохь тухтай тохилог амьдрахаар тохижуулж, мод бут тарьж, ногоон байгууламж байгуулахыг хүсчээ.  “Олон хүүхэдтэй болох тусмаа ээж хүн хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж амьдрахыг хүсдэг юм билээ. Хашаандаа сайхан амьдрая группээс маш их сэдэл санаа авч хэрэгжүүлсэн. Эхлээд өөрөө дотроо төсөөлөн бодож, юугаар яаж хийхүү гээд youtube-ээс санаа авсан. Энэхүү бяцхан бүтээн байгуулалтыг хашаандаа хийхэд ханийн минь оролцоо хамгийн чухал. Хатуу чулуутай хөрстэй болохоор хань минь газар ухаж өгсөн” гэв.

Говь нутагт хавтгай чулуу ховор учраас гэр бүлээрээ чулууны эрэл хайгуулд гарчээ. Эздээ хүлээсэн мэт эвтэйхэн хэлбэртэй чулууг цуглуулах гэж нэлээд хэдэн өдрийн ажил болсноор сэтгэлдээ төсөөлсөн усан оргилуур нүднийх нь өмнө бодитоор сүндэрлэжээ.

May be an image of outdoors

Хань хүүхдүүд маань хамгийн их баярлаж хүлээж авсан байна. Хүмүүс хангай нутагт голын эрэгт суугаад салхилж байгаа юм шиг мэдрэмж төрч байна хэмээх үгс Э.Тамжидмоломд урам өгчээ.  Жирэмсэн байх хугацаагаа үр бүтээлтэй ашиглаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд Хятадын худалдааны сайт болох Тaobao-гаас захиалга хийж, онлайн дэлгүүр ажиллуулдаг байжээ. Насос болон чимэглэлийн зүйлээ захиж авсан нь шаардлагатай зардлыг хэмнэсэн гэнэ. Усан оргилуур босгоход 100 орчим мянган төгрөг л шаардагдсан гэв.

Хийх хүсэл, сэдэл санаа байхад болохгүй зүйл огт байхгүй хэмээн хэлэх бүсгүй ажилсаг чамбай нэгэн. Хоёр сартай, хоёр настай,хоёрдугаар ангийн гурван хүүхэдтэй залуухан ээж  хашаандаа долоон төрлийн 50 орчим мод тарьжээ. Модоо услах 200 литрийн 10 поошгонд, ус зөөдөг машин дуудаж дүүргүүлдэг байна.

Хашаандаа сайхан амьдрахаар хамтдаа хичээж байгаа өрхийн тэргүүн Б.Билгүүн хүүхдүүддээ зориулж тоглоомын байшин барьжээ. Багаасаа барилгын туслах хийж хичээлийнхээ хэрэгслийн мөнгийг олчихдог байсан учраас алх хадаас, банз нийлүүлээд энэ зэргийг ажлыг гарынхаа аясаар хийжээ. Хажуугаар нь хашаандаа тоглоомын талбай бүрдүүлэхээр гулсуур, савлуур, саравчийг хийсэн байна. Харин хүүхдүүддээ зориулж хийсэн ханийнхаа хайр татам зүйлсийг будаж, чимэглэх ажлыг  гэргий нь хариуцжээ.

May be an image of outdoors

Байгаа материалаа хэрхэн ашиглах уу хэмээн тооцоолж, танил айлынхаа шатаах гэж байсан зургаан талт майхны материалаар тоглоомон байшингийн цонхны хөшиг хийсэн байна. Мөн шалыг нь засвар хийсэн айлын хуучин паркетаар хийжээ. Цонхны цэцгийг хүртэл хаях гэж байсан цэцгийг өөд нь татаж хэрэглэсэн хэмээн инээмсэглэх Э.Томжидмолом ээжийнхээ юмханаар юм хийж чаддаг занг өвлөсөн нь энэ.

Гэр хороололд, эзэмшлийн  хашаагаа өөрсдийн хүссэнээр тохижуулж, тав тухтай амьдрах боломж хүн бүхэнд бий. Б.Билгүүн ээлжийн ажилтай. 14 хоног ажиллаад долоо хоног амарна. Амарсан хэд хоногоо үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийнхэндээ цаг зав гаргахаас гадна төлөвлөгөөнийхөө дагуу хашаагаа тохижуулдаг байна. Тэдний ойрын төлөвлөгөөнд явган хүний зам хийж, хашаагаа шинэчлэх гэнэ. Цаашид эко ОО, саун душ, мод бутныхаа тоог нэмж, ногоон төгөл үүсгэх зорилго тавьжээ.

Хүүхдүүдээ эрүүл, эко орчинд өсгөхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж амьдарч яваа говь нутгийн эгэл жирийн залуу гэр бүлийн ирээдүй илүү тод гэрэлтэх биз ээ. 

С.Ичинхорлоо

May be an image of outdoorsMay be an image of indoorNo description available.