"Спутник V" вакцины хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийж эхэлжээ

"Спутник V" вакцины хоёрдугаар тунг хийлгэх хугацаа нь болсон иргэдийг өнөөдрөөс нас харгалзахгүйгээр хамруулж эхэлжээ. Засгийн газрын шугамаар ОХУ-аас оруулж ирсэн Спутник V вакцины эхний 10,000 тунг 65-аас дээш насны иргэдэд хийж байсан юм. Харин өчигдөр манай улс тус вакцины хоёрдугаар тунгаас 20,000 ширхгийг хүлээж авснаар хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийх боломжтой болсон байна.

Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 12-оос дээш насны 1,802,750 иргэн буюу нийт хүн амын 55.4 хувь нь вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ. Улаанбаатар хотод өнөөдөр суурин 14 цэгээр 3,108 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн аж.