Гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлаж, ажиглах санал гаргажээ

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр дельта хувилбарын SARS-CoV-2 вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх талаар хэлэлцэв.

Тодруулбал, SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж буй. Иймд өчигдөр дээрх байгууллагууд цахим хурал зохион байгуулж, гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг асуудлыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ.