Ж.Чинбүрэн: Цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг эцэслэн баталлаа. Тогтоолын талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, цус ойртолтоос сэргийлэх, хүн ам зүйн бодлогын хөгжилд анхаарч эхлэхээр боллоо. Хүн судлалын салбарын хөгжил орхигдсон учир буцаан сэргээж бодлогын хэмжээнд аваачих үүргийг Засгийн газарт өгч байна. Молекул, генийн түвшинд судалгаа шинжилгээг илүү чадамжтай болгох заалт оруулсан.

Угийн бичиг хөтлөх чиглэлд том ажлууд хийх ёстой. Сургалт зохион байгуулах, соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Цус ойртолтоос сэргийлэх алхам нь угийн бичиг хөтлөлт. Цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй. Ургийн гажиг, жирэмсний эндэлт, хавдар тусах нь цус ойртолттой холбоотойг эрдэмтэд нотолсон. Тиймээс генетикийн лаборатори байгуулах заалт оруулсан.

Долдугаар заалтад гэр бүлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газар судлан УИХ-д танилцуулахаар болсон. Гэр бүлүүдийг хэрхэн дэмжих вэ? гэсэн бодлого, төсөв тооцоогоо танилцуулах юм.

Хэлэлцүүлгийн үед цус ойртолттой холбоотой гэрлэлтүүдийг гэмт хэрэг гэж үзэж, захиргааны арга хэмжээ авах санал гарсан. Олон Улсад энэ асуудлыг Эрүүгийн хуульдаа оруулсан байдаг. Манай улсад иймэрхүү байх ёстой. Тогтоолын заалтын дагуу Засгийн газарт генетикийн оношилгоо эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаарх хуулийн төсөл 2023 онд багтаан боловсруулах үүрэг өгсөн. Үүнд хариуцлагын асуудлыг тусгах боломжтой” гэсэн юм.