Төрийн үйлчилгээг хялбаршуулахад бизнес процессын дахин загварчлалыг ашиглаж байна

Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар Азийн сан, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд “Бизнес процессын дахин загварчлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг сургалтыг нээж “Азийн сан “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бизнес процессын дахин загварчлалын арга зүй нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал арга хэрэгсэл тул цагаа олсон сургалт болж байна” гэв.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлээс төрийн үйлчилгээг иргэдэд амар хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг хорооноос олгох, цахимжуулах гэх мэт олон ажил хийж байна. Эдгээр шинэчлэлийн ард бизнес процессын дахин загварчлал гэдэг арга хэрэгсэл ашиглагдаж байдаг. Энэхүү арга хэрэгсэл нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул дахин загварчлах замаар төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн аргачлал бий болгоход шаардлагатай байна. Ингэхийн тулд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хэлбэрт шилжих боломжийг өргөжүүлэх чиглэл бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан” гэдгийг онцоллоо.

Сургалтад НЗДТГ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “И-Монголиа” академи, “Аствишн”, “Ухаалаг шийдэл” ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдсан юм.