Б.Энхбаяр: Хариуцлага ярих эрх нээлттэй байгаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг УИХ болон Засгийн газрын анхаарлыг Улаанбаатар хотын хөгжилд хандуулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэгүүдийг авч чадсан. Тухайлбал, Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог УИХ-д байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, хотын томоохон асуудал болсон түгжрэлийг бууруулахад Засгийн газраас санхүүжилт авч чадсан, хот өөрөө төсвөө захиран зарцуулдаг болсон гээд олон жишээг нэрлэж болно. Харин энэ удаад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дэмжлэгийг мөн авч чадлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Нийслэл бол манай улсын нийт хүн амын талаас илүү нь амьдран сууж буй хамгийн том хот. Том хот учраас асуудал нь ч том. Том асуудлыг жижиг бодлого, бага төсвөөр шийдэж чадахгүй. Амиа аргацаасан хэрэг болно. Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороо хатуудаа хатуу, зангидсан гар шиг байгаа. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар татах, харамлах аргагүй. Хотын бүтээн байгуулалтыг дэмжихгүй, хөдөө орон нутагт үргүй байдлаар тараах байдал гаргавал хотоос сонгогдсон гишүүд нам үл харгалзан өөртэй чинь хариуцлага ярина шүү гэдэг шаардлагыг Сангийн сайдад хүргэсэн. Улаанбаатарт автобус шатсан тохиолдол хэд хэд гарсан. Тэдгээр автобусны ашиглалтын хугацаа дууссанаас шатаж байгаа. Шинэчлэх ёстой юу, ёстой. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудал л тулгамддаг. Мөнгө өгөөгүй байж асуудлаа шийд гээд Хотын даргыг шахаж болохгүй биз дээ. Улсын төсвийн хөрөнгийг шийддэг газар нь УИХ, Засгийн газар. Тиймээс УИХ бодлогын дэмжлэг үзүүлж байна. Цаашдаа ч үзүүлнэ. Харин дараа нь хариуцлага ярих эрх нээлттэй байгаа гэсэн юм.

БШУЯ-аас боловсруулсан 10 шийдэл

Энэ ондоо багтаан 28 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх болон шинээр барихыг төлөвлөж байгаа ч богино хугацааны зохицуулалтууд шаардлагатай байгаа юм. Тиймээс БШУЯ-наас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 10 шийдлийг боловсруулсан байна.

  • Цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх

Ингэснээр шинээр баригдах цэцэрлэгт 1730 хүүхдийг, өргөтгөлөөр 825 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно.

  • Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх

Ачаалал ихтэй бүсэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 10.886 хүүхдийг цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх замаар цэцэрлэгтэй болгоно.

  • Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах

Хувьсах зардлыг төр дааж, нэмэлтээр 1300 орчим хүүхдийг хамруулна.

  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих

Одоогоор гурван байгууллага хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ шийдлийн хүрээнд 480 хүүхэд цэцэрлэгтэй болно.

  • Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих

Энэ шийдлийн хүрээнд 150 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой.

  • Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх
  • Орон сууцны 1 давхрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх
  • Хүүхэд харах үйлчилгээг дэмжих

Ачаалал ихтэй 57 бүсэд хүүхэд харах үйлчилгээг дэмжсэнээр 5000 гаруй хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах юм.

Хоёр  настай хүүхэд бүрд  хувьсах зардал олгох

Үүнд, хүүхдийн 100 мянга, хүүхэд асрах 50 мянга, хоёр настай хүүхдэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж 150 мянган төгрөг гээд нэг хүүхдийн хувьсах зардлыг 300 мянган төгрөг байхаар тусгажээ. Ингээд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, нийслэл хамтран гаргах нь зүйтэй бөгөөд дээрх шийдлүүдийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Дээрх 10 шийдлийг хэрэгжүүлэхэд нийт 57.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Тус санхүүжилтийг шийдвэрлэж чадах юм бол энэ намар хичээлийн жил эхлэхэд 21 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж байна. Нийслэлийн хэмжээний 37 мянган хүүхдээс 21 мянгыг хамруулах боломжтой болно.