Инфляцыг нэг оронтой тоонд оруулах Б.Лхагвасүрэнгийн төсөөлөл

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Төслөөр арилжааны банкууд хувьцаа гаргаж олон нийтийн болох хуулийн хугацааг нэг жилээр сунгахаар заасан юм. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляцыг ирэх онд нэг оронтой тоонд оруулах төсөөлөл буй талаараа онцлов.

Тэрбээр "Дөрвөн сарын байдлаар инфляц 14.4 хувьтай гарсан. Түүнээс хойш өсөөгүй тогтворжоод байна. Дунд хугацаанд инфляц тогтворжино гэж харж байгаа. Бидний төсөөлж байгаагаар инфляц 2023 оны эхнээс нэг оронтой тоо руу орно" гэдгийг хэлэв. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сараас 14.4 хувьтай яваа инфляцын түвшин нэг оронд шилжих нь. Гэхдээ Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн хэлснээр. Гэвч түүний эл төсөөлөлд УИХ-ын зарим гишүүн эгдүүцлээ илэрхийлсэн юм.   

Тухайлбал, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Олон улсын валютын сангийн шаардлагаар хойшлуулж байгаа гэдэг тайлбарыг хэлж байна. Олон улсын валютын сан Та нар энэ хуулийн хугацаанд нь багтааж хувьцаа заруулахын тулд EQR-ийг хийлгэсэн байх ёстой. Монголбанк ажлаа хийгээгүй байж байгаад үндсэндээ хойшлуулж байгаа гэж ойлгож байна. Банкны хувьцааг гаргаж олон нийтэд санал болгохын өмнө банк ямар байгааг хүмүүс мэдэхгүй байгаа. Хулхидаад муу банкуудын хувьцааг авах эрсдэл үүсч байна. Тиймээс EQR-ийг урьдчилаад хийлгэсэн байх ёстой байсан юм. Б.Лхагвасүрэн ажлаа хийгээгүй. УИХ-д орж ирж хугацаа хойшлуулж өг гэдэг юм ярьж байна. Дэндүү хариуцлагагүй байна. Хоёрдугаарт, ХААН банкны хувьцаатай холбоотой асуулт бий. “Мета” компани Худалдаа хөгжлийн банкны хооронд гэрээ байгуулсан уу, бий юу гэдгийг асууж өг гэж олон удаа хандсан. Та нар тайлбар өгөхгүй явсаар зөвшөөрөл өгсөн гэж ойлгосон. “Мета”-ийн бичиг надад байна. “Мета” бол гэрээний тухай юу ч яриагүй байна. Харин Худалдаа хөгжлийн банктай ямар нэгэн гүйлгээ мөнгө шилжүүлсэн зүйл байхгүйг хэлсэн. Ийм байхад та нар яагаад зөвшөөрлийг нь өгчихдөг юм. Б.Лхагвасүрэн чи саналаараа ажлаасаа татгалзсан дээр. Чи 3.4 сая хүний амьдралыг там болгож байна. Бизнесийн аж ахуй нэгж, компаниудад ам.доллар олдохгүй, хулгай хийж, хууль зөрчиж, мөнгө угаах үйл ажиллагаанд оролцож байна. Ингэж болохгүй" гэсэн юм.