Хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нар тус тус танилцуулав.

Техник технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлт нь хүн бүрд үзэл бодлоо олон нийтэд хандан илэрхийлэх боломжийг улам бүр нэмэгдүүлж байгаа нь сайн талтай боловч нөгөө талаар үзэл бодлын илэрхийлэмжүүдээс бусдын нэр төр, нийгмийн ёс суртахуун, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу тэнцвэрийг олох зохицуулалт бий болгох нь төрийн үүрэг  гэдгийг О.Алтангэрэл сайд танилцуулгадаа дурдаад хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан гэв.

Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой. Мөн хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой зохицуулалт тусгасныг сайд танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө боловсруулж байсан төслүүдийн алдаа, оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал, зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллав. Төслөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хэвлэн нийтлэх эрх, түүнтэй холбоотой бусад ойлголтуудыг нэг мөр ойлгох боломж бүрдэх, хэвлэн нийтлэх эрхийг өргөн хүрээнд тайлбарласнаар зөвхөн редакцтай хэвлэл мэдээллийн байгууллага бус олон нийтийн эрх ашгийн төлөө хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлдэг бусад этгээдүүдийн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажиллах, мэдээллийн эрх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдлийг хэвлэл мэдээллээр дамжуулан илчлэх, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй хөгжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл бий болохоос сэргийлснээр олон ургальч үзэл оршин тогтнох орон зай нэмэгдэж, эзэмшигч ил тод, нээлттэй байснаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төр, бизнесийн болон бусад хувийн зорилгоор ашиглахгүй болох юм.