О.Алтангэрэл: Шөнийн цагаар жагсаал, цуглаах хийхийг хориглох агуулгыг нэмсэн

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын холбогдох шийдвэр болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх нийт 6 илтгэлд тусгасан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаар “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос 2021 оны зохион байгуулсан Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт тусгагдсан зарим асуудалд үндэслэн хуулийн төслийн нэрийг Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хэмээн өөрчилжээ. Үргэлжлүүлэн О.Алтангэрэл сайд төсөл дэх онцлог зохицуулалтуудыг танилцууллаа.

Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэснийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлж байгаа юм байна.

Хүчин төгөлдөр хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах, санаачлах асуудал нь тодорхой  хүрээ хязгаартай, тухайлбал улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Жагсаал, цуглааны төрөл, хэлбэр болох аяндаа бий болсон, зэрэгцсэн, эсрэг жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрөх тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалахтай холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, зөвхөн авто замын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газар зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр зохион байгуулдаг болохоор төсөлд тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.

Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авах этгээд нь цагдаагийн байгууллага байх бол албадан тараах эрх бүхий этгээдээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Хориглолт, хязгаарлалтыг тодорхой болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм байна. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглохоор төсөлд тусгажээ.

Зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг байх харилцааг хуульчлах нь зүйтэй хэмээн үзснийг илтгэлдээ дурдсан.

Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зарим зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Тухайлбал, онц байдал, дайны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох, энэ хууль болон бусад хуулиар хориглох тодорхой байршлууд, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчлэх, мөн хууль бус жагсаал цуглаан, албадан тараах үндэслэл зэргийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Мөн шөнийн цагаар жагсаал, цуглаах хийхийг хориглох агуулгыг нэмсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс  төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрх бүрэн хангагдаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарлах зохицуулалт баталгаажих юм байна. Мөн жагсаал, цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэх аж. Жагсаал, цуглааны хориглолт, хязгаарлалтын хүрээ хязгаар тодорхой болохын зэрэгцээ хуульд зааснаас бусдаар, захиргааны хэм хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болно хэмээн сайд танилцуулав.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад бүртгүүлэх үүрэгтэй, эрх бүхий байгууллага бүртгэсэн тохиолдолд жагсаал, цуглаан хийх эрхтэй болох зохицуулалт үйлчилж байгаа байдал хязгаарлагдаж, зөвхөн онцгой нөхцөл байдал, зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны тайван жагсаал, цуглаанд жагсагч болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо идэвхтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэх юм байна.