С.Амарсайхан: Сахилга дэг журмыг өөрөөсөө эхлүүл

Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна. Шадар сайд С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Дэлхий нийтэд тархсан КОВИД-19 цар тахлын хүнд цаг үед тэргүүн эгнээнд ажиллаж,  иргэдийнхээ аюулгүй байдлын төлөөх бүх шатны албадад байнгын хяналт тавьж, цар тахлыг Монгол Улс амжилттай даван туулахад мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид онцгой үүрэг гүйцэтгэснийг онцолсон.  

Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Хяналт шалгалтыг багасгасан гээд хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор хохирол учруулж болзошгүй зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх үүднээс эрүүл мэнд, зам барилга, дэд бүтэц, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын хяналтын чиглэлийн  үйл ажиллагааг зогсоож хэрхэвч болохгүй. Харин цар тахлын дараах эдийн засгийн энэ хүнд цаг үед зөрчлийн шинж бага, хүний амь нас, эрүүл мэнд болоод байгальд шууд хор хохирол учруулахгүй тохиолдолд дэмжлэг, туслалцаа шаардлагатай хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд зөвлөн туслах замаар үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал байна” гэсэн юм. 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдах ажилтан ажлын хариуцлага, сахилга дэг журмыг өөрөөсөө эхлүүлж, ажилдаа хандах хандлагаараа, мэдлэг, ур чадвараараа, удирдах арга барил, ёс зүй, үг хэл, үйл хөдлөлөөрөө албан хаагчдаа үлгэрлэн манлайлж ажиллах ёстойг сануулаад зарим нэг шүүх порукрорт шалгагдаж буй газар, хэлтэс, Тамгын газрын дарга, улсын ахлах байцаагч зэрэг удирдах албан тушаалтнууд авлигын хэрэг тус салбарт ажиллаж байгаа 1600 гаруй албан хаагчийн нөр их хөдөлмөр зүтгэл, амжилт ололтыг цөөхөн хэдэн ашиг хонжоо хайгч этгээдийн буруу  үйлдэл үгүй хийх, үнэгүйдүүлэх, салбарын нэр хүндийг унагах, цаашлаад ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг сулруулах зэрэг олон сөрөг үр дагавартай тул ийм хууль бус явдлыг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй, цаашид хатуу тэмцэнэ гэдгийг онцгойлон анхааруулсан юм. Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дуусах юм. Аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагын 70 гаруй удирдах ажилтан болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүд оролцож байна.