Олимпын гүүрний явган хүний замын угсралтын ажил эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.8 хувьтай биелжээ. Тухайлбал, нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд 3900 иргэн, аж ахуйн нэгж 263.13 тонн хог хаягдлыг зөөн тээвэрлэжээ. Мөн хүүхдийн 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэн, 187 талбайг засаж сайжруулсан байна. Түүнчлэн 2199 золбин нохой, муурыг устгажээ. 10 гаруй хоногийн хугацаанд 403 гарааш буулгахаар төлөвлөснөөс 246 гарааш чөлөөлж, 20 мянган метр урт хашаа, хайс буулгахаар төлөвлөснөөс 23 хашаа чөлөөлжээ.

Мөн нийслэлд хийж байгаа авто замын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.

Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулав.