Цөмийн зэвсэггүй бүсүүдийн асуудлаар Улаанбаатарт зөвлөлдөнө

Монгол Улс Цөмийн зэвсэггүй статусаа зарласны түүхт 30 жилийн ойн хүрээнд “Цөмийн зэвсэггүй бүсүүд: ач холбогдол, сорилтууд, хэтийн төлөв” олон улсын бага хурал зургаадугаар сарын 9-10-нд Гадаад харилцааны яаманд болно.

Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед дэлхийн 116 улсыг эгнээндээ нэгтгэсэн Цөмийн зэвсэггүй бүс (ЦЗБ)-ийн асуудлыг судалдаг мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран чуулж, цөмийн зэвсэггүй улсууд хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцох гэж буй нь өндөр ач холбогдолтой аж.

Мөн мэргэжилтнүүдээс гарах тодорхой санал зөвлөмжийн талаар уулзаж ярилцах нь илүү тохиромжтой хэмээн үзэж “Цэнхэр Сүлд” ТББ энэ удаагийн хурлыг хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулах юм байна. 

Түүнчлэн энэхүү хурал нь энэ сарын сүүлээр Вена хотноо болох Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд оролцогч талуудын анхдугаар бага хурал, энэ оны наймдугаар сард Нью-Йорк хотноо болох Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 10 дугаар бага хурлын өмнө болох гэж буйгаараа онцлог юм.